
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдсан. Хуралдааны эхэнд Монгол Улсаас зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал хэлэлцсэн. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ.
Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар болжээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ