Хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардлыг танаж байгааг шүүмжлэв
Эрчим хүчний яам, МХЕГ, Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-иас Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Багануур дүүрэгт зохион байгуулжээ. Найм дахь удаагаа болж байгаа энэ зөвлөгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, тус газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга Х.Авирмэд, нарын хүмүүс оролцсон байна.
Энэ үеэр зөвлөгөөнд оролцогчид эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үг хэлж, илтгэл тавьж, санал шүүмжлэл өрнүүлжээ. Мөн салбарын хэмжээнд гарч буй хөдөлмөрийн аюулгүй байдал, осол аваар, хүндрэл бэрхшээлийг өөр өөрийнхөө байгууллагын жишээн дээр нарийн тодорхой ярьж, цаашид эдгээр дутагдлыг гаргахгүй байх арга замын талаар зөвлөлдсөн байна. Түүнчлэн улсын төсөв, санхүүгийн байдалтай уялдан хөрөнгө оруулалтыг бууруулах шийдвэр гаргахдаа үйлдвэр компанийн удирдлагууд хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардлыг танаж байгааг мэргэжилтнүүд шүүмжилсэн аж.
Зөвлөгөөнөөс салбарын нийт хамт олонд хандаж уриалга гаргалаа. Зөвлөгөөнд оролцогчид энэ зун ашиглалтад орсон Салхитын 50 мегваттын хүчин чадалтай Салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ