Засаг даргаар Л.Одсэрийг сонгожээ
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан энэ сарын 7-нд болсон байна. Тус аймгийн ИТХ нь 17 төлөөлөгчийн суудалтай бөгөөд МАН-ын 2 төлөөлөгч сонгуулийн талаар шүүхээс асуудалтай болж нэр нь татагдан ИТХ дахь намуудын суудлын тоо өөрчлөгдсөн аж. Үүнээс үүдэн намуудын хооронд маргаан дэгдэж МАХН болон МАН намууд хуралд суухгүй гэдгээ ИТХ-д албан ёсоор мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн ИТХ хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн намууд үзсэн байна.
Харин энэ удаагийн хуралд хуралд 9 төлөөлөгч ирсэн тул хурлын ирц хүрсэн гэж үзэн хурлыг эхлүүлсэн бөгөөд АН-ын бүлэг аймгийн засаг даргад Л.Одсэрийн нэрийг дэвшүүлэх хүсэлтээ гаргасан аж. Улмаар хуралд ирсэн 9 төлөөлөгчийн саналаар Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн засаг даргаар сонгосон тогтоол гарган Монгол улсын Ерөнхий сайдад илгээхээр болсон байна. Мөн энэ хурлаар аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаархи асуудлыг хэлэлцжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ