Оюутолгойн үнэт цаасны ханш унаж болзошгүй гэв
Торонтогийн бирж дээр өчигдрийн байдлаар Оюутолгойн үнэт цаасны ханш өмнөх өдрөөсөө 1.14 хувиар буюу 0.05 нэгжээр буурч, 4.33 кан.долларт хүрчээ. Тус компанийн үнэт цаасны ханш энэ оны нэгдүгээр сараас эхлэн тогтмол буурсаар ирсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард 9.4 кан.доллар байсан нь зураг дээрх үзүүлэлтээс харагдаж буй биз ээ. Үүнээс хойш тогтмол буурсаар долдугаар сарын 19-нд Ц.Сэдваанчигийн “Рио тонто”-д хаягласан захиатай холбоотойгоор Оюутолгойн хувьцааны ханш 10 хувиар буюу 5.1 орчим кан.доллараас 4.1 кан.доллар болтлоо огцом унаж байсан билээ. Тэгвэл өдгөө түүнээс хойш бага зэрэг өсөөд буй тус компанийн хувьцаа шинжээчдийн үзэж буйгаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар АТГ-т Оюутолгойг шалгахыг хүсч, мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотойгоор тус компанитай холбоотой сөрөг мэдээлэл гарвал унаж болзошгүй байгаа аж.
6
С.Ганбаатар гишүүн өнгөрсөн долоо хоногт АТГ-т өгсөн мэдээлэлдээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто”, Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, төслөөс Монгол улс ямар хугацаанд ямар хэмжээний үр өгөөж ашиг авах талаар иргэд, эрдэмтэн, мэргэжилтэн шинжээч зэрэг олон хүнтэй багагүй хугацаанд хамтран судалгаа хийснээ дурджээ. Ингээд “Рио тинто”-гоос Оюутолгой төсөлд зарцуулсан хөрөнгө мөнгөний тайлан задаргаанд судалгаа хийж үзэхэд Монголын баялагийг ашиглан олж буй орлогын нэгээхэн хэсгийг төсөлд шууд хамааралгүй, компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, түүний удирдах албан тушаалтнууд, компани, хувь хүмүүст их хэмжээний мөнгө зарцуулж, санхүүжүүлж байгаа үйлдлийг авлигын шинжтэй, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж үзсэн байсан. Тодруулбал Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто”-оос санхүүжүүлсэн дараах байгууллагууд байгаа аж. Үүнд: “Монголын урлагийн зөвлөл”ТББ 17,274,000,000 төгрөг, Хил хамгаалах ерөнхий газар 129,207,904 төгрөг, “Монголын уламжлалт урлах ухаан” ТББ 107,742,918 төгрөг, “Уул уурхайн үндэсний ассициоци” ТББ 89,434,400 төгрөг, “ZIBRO Z” компани 1,4 тэрбум төгрөг, “Их Ус Туул”ТББ 600,000 ам.доллар өгчээ.
6
Иймээс тэрээр “Оюутолгой төслийг удирдагч “Рио тинто”-оос томилогдсон нөхөд мөнгөгүй шалтгаанаар ажлыг зогсоож, олон Монгол хүнийг ажилгүй болгосон атал, үндсэн үйл ажиллагаатай огт холбоогүй хандив зардал их хэмжээгээр гаргаж төслийн өртөгийг өсгөж 34 хувийг эзэмшдэг Монгол улсыг хохироож байна. Төр, төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүсийг санхүүжүүлж ашиг сонирхлын зөрчил үүсгэж буруу мэдээллээр ард иргэдийн тархи угааж ирсэн байна. Цаашилбал дээрх ТББ-аар дамжуулан эрх мэдэлтэй хүмүүст авлига өгсөн байж болзошгүй юм” хэмээн тус компанийг ийнхүү АТГ-т шалгуулахыг хүссэн байна. Тэрээр АТГ-ыг зохих журмын дагуу Оюутолгойн санхүүгийн тайлан тэнцэлд нэг бүрчлэн шалгалт хийж, мөн их хэмжээний санхүүжилт авсан байгууллагуудыг нягтлан үзэж, тус мөнгийг ямар зорилгоор юунд зарцуулсан болохыг тогтоож, хуульд заасан холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлэхийг хүсчээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ