Байгальд халгүй цэвэр технологийн талаар ярилцлаа

img

БОНХЯ-наас жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос эхлэн Байгаль хамгаалах намрын сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Аяны нээлт өнөөдөр Чингисийн талбай дээр боллоо. Өдөрлөгийг нээж БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга намрын сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийсэн. Мөн БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр ба хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

а

Өдөрлөгөөр иргэд, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгч, зарим байгууллагад гэрчилгээ гардуулав.  Тухайлбал, байгаль орчны үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг авч болохоос гадна химийн бодисын тусгай зөвшөөрөл авах журмыг танилцуулж, байгалийн нөөц ан амьтан, ургамал, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх олгох, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын талаар мэдээллээ. Мөн иргэдийн анхаарлын төвд байдаг тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж болон судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар хүсэлт гаргах талаар зөвлөгөө өгөх, уул уурхайн компаниудад байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн талаар мэдээллийг иргэдэд өгөв. Байгальд халгүй цэвэр технологийн талаар болон байгаль орчны салбарын стандартуудын талаар халуун яриа өрнөлөө.

а

Энэ үеэр Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргаа удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар ээлжлэн ажлаа танилцууллаа. Мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Н.Тэгштөр мэдээлэл өгснөөс гадна эко сургуулиудаас “Амгалан цогцолбор” төлөөлөл болон оролцож байна. БОНХЯ-ны харьяа газрууд болох Цаг уур, орчны шинжилгээний газар, “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ, “Монгол ус” ТӨҮГ-ууд өөрсдийн ажлаа танилцуулав.

Аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт “Ногоон хөгжил-бидний ирээдүй” уриа бүхий БОНХЯ-ны тугийг Сайдын албан даалгаварын хамт гардуулан өгөөд байна. Аймаг, дүүргийн Засаг дарга нар тугийг хүлээн авснаар  бүх нийтийн их цэвэрлэгээ болон эко аялал, мод тарих ажлыг зохион байгуулах юм. Тухайлбал,

а

  1.  Амьдарч буй орчин тойрноо ялангуяа гол мөрөн, нуурын орчинг цэвэрлэх бүх нийтийн  цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах
  2. Энэ сарын 12-ны өдрөөс эхлэх бүх нийтээр мод тарих намрын ажлыг сайтар зохион байгуулж, аянд хүүхэд залуучууд, байгууллагыг идэвхтэй оролцуулах
  3.  Эрүүл орчинд эрүүл амьдрах зорилго бүхий  Эко аялалыг орон нутаг дахь ИНБ болон олон нийтийн оролцоотой зохион байгуулах
  4.  Ховордож буй амьтдыг хайрлан хамгаалах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж буй комикс /зурагт бичлэг/ -ийн уралдааны болзлыг сургуулиудад тараах, уралдаанд оролцохыг уриалах зэрэг болно.

Мөн сурагчдын дунд дэлхийд ховордож буй Монгол эх орондоо амьдардаг Цоохор ирвэс, Хавтгай тэмээ, Мазаалай баавгай, Монгол бөхөн, Цаа буга, Хүдэр, Хандгай зэрэг амьтдын тухай комик буюу зурагт өгүүлэмжийн уралдаан зарлаж байна. Тухайлбал, хүүхдүүд өөрийн сайн мэдэх ховор амьтнаас аль нэгийг нь онцлон сонгож, тэдгээрийн бусдаас ялгарах онцлог шинж болон хэрхэн хамгаалж үржүүлэх талаархи бодол санаагаа зурагт өгүүлэмжээр илэрхийлэх юм.

а

Бүтээл нь Arial 10 фонт ашиглан бичсэн А4 хэмжээний 4 нүүр зурагт өгүүлэмж бүхий материал байна. Уралдааны материалыг 2013 оны 10-р сарын 25-ны дотор Улаанбаатар-15160, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын II байр, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам /313 тоот/ гэж хаяглан биеэр болон шуудан, эсвэл purevsurens@mne.gov. mn, bazarch@mne.gov.mn  мэйл хаягаар ирүүлж болох юм байна.

х

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ