
Эдийн засгийг хүндрүүлж, валютын ханшийг өсгөн, ажлаа хийж чадахгүй байгаа хэмээн зарим УИХ-ын гишүүд төдийгүй иргэд ч Эдийн засгийн хөгжлийн яам, түүний сайдыг шүүмжилж байгаа. Тэгээд ч Засгийн газрыг бүхэлд нь огцруулдаггүй юм аа гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг “бөө гэж айхгүйгээр” хамгийн түрүүнд огцруулах сайдын жагсаалтад багтаасан. Түүнийг огцруулах асуудлыг улстөрчид манай, танай нам гэж талцахгүйгээр ярилцаж байгаа.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төсвийн төслийг танилцуулах үедээ Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсныгаа болоод тэнд ажиллаж байгаа хүмүүсийг онцгойлон магтав. Тэрбээр :Зарим тогтолцооны шинжтэй зүйл буруу тийшээ ужигарсаныг 2014 оны төсөөллөөр засаж, янзлах хариуцлагатай ажил Шинэчлэлийн Засгийн газарт оногдож байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг тусгайлан байгуулсан нь түүхэн чухал ач холбогдол болжээ. Өмнө нь Сангийн яам эдийн засгийн бодлогыг хавсран гүйцэтгэж байхад олж хардаггүй байсан бодлогыг Эдийн засгийн яам нэг жилийн хугацаанд гаргаж ирлээ. Цаашдаа хөөсөрсөн төсвийг зогсоохгүй бол бид 50 сургууль барьдаг мөнгөөрөө таван сургууль барих болоод байна” гэж ирээд л сайшаав.
Басхүү Сангийн яамтайгаа таарамж муутай байгаагаа нуусангүй. Тиймээс ч ирэх оны төсвийг хэлэлцэх үед Сангийн сайд Ч.Улаан чуулганы танхимд байгаагүй нь үүнийг гэрчлэх мэт. Сангийн яамныхныг төсвийг тана гэхэд дөргүй бух шиг бүүр нэмж оруулж ирснээс эв түнжин хагаралдсан байна. Ийнхүү ирэх оны төсвийг хэлэлцэх энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим дотооддоо зөрчилдөөнтэй байгаа даг аа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ