
БНТУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзаж ярилцав.Монгол, Туркийн түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд 2013 оны 4 дүгээр сард Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нэн чухал ач холбогдолтой болсныг УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглээд хоёр улсын парламент уг харилцааг цаашид бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг онцлов.
Мөн Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг өргөтгөх, Орхоны хөндий дэх эртний Түрэгийн хөшөө, дурсгалыг түшиглэн түүх, соёл, аялал жуулчлалын төв байгуулах, үүний тулд Хархорины нисэх буудлыг шинэчлэх талаар хамтран ажиллах саналыг тавьж байснаа З.Энхболд Ерөнхий сайдад дахин хэлээд түүнийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес харилцааг өргөтгөхөд түлхэц үзүүлнэ гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Р.Т.Эрдоан “Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгох, Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд хамтран ажиллах зэрэг төсөл, арга хэмжээний талаар Улаанбаатарт ярилцсан зүйлээ бид хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлээд Туркийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зохих хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг зөвлөв. Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Турк дэх бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжиж урамшуулах арга, хэлбэрийн тухай тодорхой ярьж танилцуулав.
УИХ-ын дарга З.Энхболд Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзсаны дараа Анкара хотын хуучин хорооллыг дахин төлөвлөж, шинэ хороолол барьж буй ажлын явцтай танилцлаа
гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ