Э.Эрдэнэцэцэг: 7 хүртэлх насны охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна
Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг өнгөрсөн оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тунхагласан. Өнгөрсөн жил “Охидын гэрлэлт” сэдвийн дор дэлхий даяар үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд дэлхий даяар жил бүр 14 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө хүчээр гэрлэж, тэдний дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, аюултай үр хөндөлт, эрт төрөлтийн золиос болж байгааг тогтоосон байна. Энэхүү өдөртэй холбоотойгоор манай улсын өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай “Гүнж” төвийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
.
-Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Танай төвөөс ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Энэ жил “Охидын боловсрол”-ын асуудалд анхаарч ажиллахыг улс орнуудад уриалсан. Буурай хөгжилтэй олон оронд “эмэгтэй” учраас сургуульд сурах боломжоор хязгаарлагдаж, хөвгүүдийн адил тэгш эрхтэйгээр суурь боловсрол эзэмших боломжгүйд хүрээд байгаа юм. Дэлхийн хэмжээнд таван охины нэг нь ямар нэг шалтгааны улмаас сургуульд сурч чадахгүй байгаа нь ядууралд нэрвэгдэх, эрт гэрлэх, хүүхэд төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Мөн "Хөөрхөн зүрхнүүдийн аян"-тай хамтран Монгол дахь охидын эсрэг хүчирхийллийг ялангуяа бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө “Охидын эсрэг хүчирхийллийг зогсоо” сарын аянг өнөөдрөөс эхлэн өрнүүлэх гэж байна.
.
-Манай улсын охидод тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудлын нэг бол бэлгийн хүчирхийлэл. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэг 37 гарсан бол энэ онд 54 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь мөн оныхоос 45,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
.
-Ураг төрлийн хүчин давамгайлж байна гээд байгаа. Энэ тал дээр судалгаагаар гаргасан тоо баримт байна уу?
-Байгаа. Манай төвөөр үйлчлүүлсэн хохирогч охидын дунд хийсэн судалгаагаар 56,7 хувь нь ураг төрлийн хүндээ хүчиндүүлсэн нь тогтоогдсон байдаг. Үүнээс харахад тодорхой байгаа. 29,7 нь болзооны хүчин байдаг бол 13,6 хувь нь гудамж, талбайн хүчингийн хохирогчид байдаг. Гэтэл ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 14,3 нь төрсөн эцэг, 57,2 хувь нь хойд эцэг нь байдаг. Мөн 4,7 нь төрсөн ах, 23,8 хувь нь төрөл садангийн ах нь байгаа нь тогтоогдсон.
.
-Охид өөрийн буруутай үйлдлээс /согтууруулах ундаа хэрэглэх..гм/ болж хүчиндүүлсэн тохиолдол байдаг болов уу?
-Энэ оны эхний арван сарын байдлаар бүртгэгдсэн 54 хэргийн 11,3 хувьд нь 0-7 хүртэлх насны охид хохирогч болсон байна. Манай нийгэмд хохирогчдын буруутгах үзэл хандлага давамгай байдаг. Гэтэл үүнээс харахад 0-7 насны хүүхэд ямар буруу алхам хийж тэдгээр гэмт хэрэгтний хүчинд автах билээ дээ. Үүнийг хүн бүр бодож үзэх хэрэгтэй байх.
.
-Бэлгийн хүчирхийлэл, эрт гэрлэлт зэргээс болоод сүүлийн жилүүдэд өсвөр насны охид жирэмслэх их болжээ. Энэ талаар?
-Тиймээ, энэ нь анхаарал татсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн жилүүд буюу 2010, 2011 онд 2700-2900 орчим өсвөр насны охин жирэмсэлдэг байсан. Гэтэл 2012 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 4998 хүүхэд өсвөр насандаа буюу 15-19 настайдаа ээж болсон байна.
.
- Танай төвийн зүгээс дээрх асуудалд орсон болон хүүхэд төрүүлсэн боловч сурч боловсрох хүсэлтэй байгаа охидод ямар зөвөлгөө, тусламж үзүүлж байна?
-Манай төв дээр 50-110-110 дугаарын утас байнга ажилладаг. Бидэнд хандагчийн ихэнх нь өсвөр насны охид байдаг. Тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй үр хөндөлт гэх мэт өөрсдийнх нь мэдэхийг хүссэн асуултад хариулт, зөвөлгөө өгдөг. Үүнээс гадна хүүхэд төрүүлсэн сурч, ажиллах хүсэлтэй байгаа охидоо мэргэжлийн дадал олгох сургалтад хамруулан ажилд зуучилж өгдөг. Мөн биднээс зөвлөгөө, тусламж аваад, хүүхдээ төрүүлснийхээ дараа дунд болон их, дээд сургуульдаа үргэлжлүүлэн сураад явж байгаа охид байдаг.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ