Азийн Хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Шолхаммер, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлт, нийгмийн асуудал эрхэлсэн захирал Дивэш Шаран нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ноён Дивэш Шаран Азийн Хөгжлийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх гэж буй “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл” болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг танилцуулсан юм. Ноён Дивэш хэлэхдээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн амьдрах нөхцөл сайжирч, эрүүл амьдрах таатай орчин бүрдэхийн зэрэгцээ өрсөлдөх чадвар бүхий иж бүрэн дэд төвийн сүлжээг бий болгоход үр дүнгээ өгнө. Харин “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл”-ийн гол зорилго нь нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн салбарын мэдээллийн технологийн систем, нийгмийн халамжийн тогтолцоог шинэчилж, нийгмийн хамгааллыг сайжруулахад оршиж байгаа гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Азийн хөгжлийн банкнаас Монгол улсыг дэмжиж олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд ямар чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болох талаар саналаа хэлж, Улсын Их Хуралд төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлж нягт холбоотой ажиллахыг зөвлөлөө. Мөн тэрээр, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хөндөж энэ талаар харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ