
Нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ оны 1-р сараас эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл газрын тухай, хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан Засаг даргын 44 удаагийн захирамжаар 1 022 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 1 573 га газрыг шийдвэрлэсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд газар эзэмшүүлэх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гарчээ.
Энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, автозамын трасст орсон гэх үндэслэлээр Засаг даргын 8 удаагийн захирамжаар 9 байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй, бусдын газартай давхардсан, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7 га газрын газар эзэмших, ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.
Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 648 хүсэлт хүлээн авснаас баримт бичгийн бүрдлийг судлан үзэж, 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн байна.
Ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ