
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Итали Улсад 2015 онд зохион байгуулагдах “Экспо 2015-Милан” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсыг оролцуулах ажлын Ерөнхий зохицуулагчаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг томилохоор тогтжээ. Мөн өнгөрсөн сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан байна. Түүнчлэн хуралдааны үеэр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын “11 11 төв” байгуулагдсаны нэг жилийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг танилцуулж, тус төвд ирүүлсэн иргэдийн санал хүсэлтийг бодитой эцэслэн шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж, шийдвэрийг иргэдэд цаг хугацаанд нь мэдэгдэж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.
Түүнээс гадна Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулахаар тогтсон байна.
Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжих айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ