
Баянхонгор аймгийн төрийн байгууллагууд өнгөрөгч сарын 02-ноос сар гаруйн хугацаанд хоорондын албан бичгээ “Монгол-Крилл” хос бичгээр бичих аян өрнүүлж, ажил үүргээ гүйцэтгэжээ. Тус ажил нь өнөөдөр дуусгавар болж байна. Тус аймгийн удирдлагууд Монгол улсын засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бичиг-2” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ИХТ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. Мөн аймгийн хэмжээнд жил бүрийн 11 дүгээр сар буюу улс тунхагласны баярыг угтан байгууллага хооронд албан бичгийг крилл-монгол бичгээр хослуулан бичих талаар тус тогтоолдоо заасан байна.
Үүнийхээ хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо хүргүүлэх албан бичгээ нэг сар гаруйн хугацаанд Монгол, Крилл бичгийг хослуулан бичин солилцож байсан байна. Энэхүү аянд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болох Байгаль орчны газар, нийтийн номын сан, ИТХ, ШШГАлба, СХЗХэлтэс, Монгол банк, Боловсролын газар, ХДТ зэрэг байгууллагууд оролцжээ.
Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд эдгээр байгууллагын бичиг хэргийн ажилтныг “Монгол бичгийн программ ашиглах арга зүй” сургалтад хамруулсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ