
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцжээ.Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ. Жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж байгаа тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм.
Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ. Цэвэрлэх байгууламж шинээр барих болон техникийн шинэчлэл хийх санал Чех, Солонгос, Франц, Хятад зэрэг орнуудаас ирсэн байна. Харин Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага өндөр түвшний цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийг барьж, засвар үйлчилгээ нь хялбар бөгөөд өөрсдөө автоматаар ажиллах боломжтой сүүлийн үеийн шинэ систем нэвтрүүлэх санал ирүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Японтой хамтран цэвэрлэх байгууламж барихаар талууд дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусган гарын үсэг зуржээ. Тиймээс Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууламжийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах ажлыг “ЖАЙКА”-тай хамтран хэрэгжүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2015 оны 3 дугаар улирлаас эхлүүлэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ