Мөнгөн усыг хориглосон гэрээг НҮБ баталжээ
Мөнгөн уснаас улбаатай эрүүл мэндийн болон байгаль орчны хохирлыг багасгах зорилгоор уг металлын хэрэглээ, худалдааг хязгаарласан гэрээг НҮБ-ын хурлаар баталлаа. Нийт 140 улс, газар нутгийн төлөөлөгч оролцсон гурван өдрийн хурал Японы Күмамото мужид болж санал нэгтэйгээр уг гэрээг батласан байна. 2020 он гэхэд уг металлын агууламжтай бүтээгдэхүүний экспорт, импортыг хориглох ажээ.
Гэрээ удахгүй хүчин төгөлдөр болж мөнгөн усны хор хөнөөлийг арилгана гэдэгт найдаж буйгаа Японы Гадаад харилцааны сайд Фүмио Кишида мэдэгдсэн байна. Мөнгөн усны улмаас хөгжиж буй орнуудад үүссэн байгалийн хохирлыг багасгахад туслахаар Япон улс гурван жилийн хугацаанд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэх гэнэ. Түүнчлэн уг металлын бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хөгжиж буй Азийн орнуудад явуулахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ