
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы шийдвэрээр 1989 оноос эхлэн Гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай. 2013 онд тус өдрийг “Гамшгийн аюулыг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн дор Онцгой байдлын ерөнхий газраас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн-Монгол”, Мерси кор зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах олон арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглүүлэн тэдний оролцоотойгоор зохион байгуулж байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг нийслэлийн 6 дүүргийн 109 сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын тусгай дунд 25, 29, 70-р сургууль, Хараагүйчүүдийн нийгэмлэг дээр зохион явуулжээ.
Мөн “Олон хүн төвлөрсөн худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын болон дадлагын сургуулилт хийж 600 орчим хүнийг хамруулсан байна. Чингэлтэй дүүрэгт “Олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 100 иргэнд “Гамшгийн эрсдлийг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” уриан дор сургалтыг зохион байгуулсан. 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистик мэдээлэл байгаа бөгөөд эдгээр иргэдийн асуудал нь нийгмийн халамж, хамгааллын асуудал төдийгүй нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой чухал асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюулт үзэгдэл, осол, гамшгаас хамгаалах, гамшиг тохиолдсон үед авран туслах, бэрхшээлийг даван туулах оролдлого хийхэд нь дэмжлэг үзүүлэх, сургаж, дадлагажуулах шаардлагатай байгаа юм.
2012 онд аюулт үзэгдэл, гамшгийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн 5 жилийн дунджаас 3 хувиар ихэссэн тооцоо судалгаа байна. Дээрх аюулт үзэгдэл, гамшигт хөгжлийн бэрхшээлтэй иргэд хир зэрэг өртдөг, гамшиг, ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн талаарх судалгаа хараахан хийгдээгүй байна. Гамшгаас хамгаалах ангилалын сургалтуудыг зохион байгуулахдаа тодорхой хэмжээгээр аврах үйл ажиллагаа явуулж буй тухайн цэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд байна гэдгийг тооцож үзэх төдийхнөөр ажлаа хязгаарлаж байсан бол НҮБ-ын уриа гарснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, авран туслах, хохирол багатай даван туулахад тэд бас юу хийж чадах вэ гэдгийг ойлгуулах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хүргэх өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахыг чухалчилж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ