Лангуун дээрх барааны үнэ 400-600 төгрөгийн зөрүүтэй байжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, супермаркетуудын лангуун дээрх барааны үнэ, кассын үнээс ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар зарим дэлгүүрүүдэд лангуун дээрх барааны үнэ касс нь дээр өөр үнэтэй байх зөрчил их илэрсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 18 нь үнийн зөрүүтэй байсан бөгөөд лангуун дээрээ 1200 төгрөг гэсэн бараа кассанд 1600-1800 төгрөгөөр бичигдэж байсныг тогтоожээ. Мөн “Миний сүлжээ” дэлгүүрийн 18 барааны найм нь үнийн зөрүүтэй, “Замбала” дэлгүүрээс сонгосон 23 нэрийн барааны есөн ширхэг нь үнийг зөрүүтэй байсан аж.
Энэ үйлдэлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд зааснаар хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэдэг заалтын дагуу 10 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна. Тус хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ