Н.Энхболд: Төсөвт тодотгол хийснээр эдийн засаг углуургаараа сайжрахгүй

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар Эдийн засгийн хөгжлийн яам болон Монгол банкны мэдээллийг сонссон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр мэдээлэлдээ:

-Манай бүлгийн хуралдаанаар мөнгөний бодлого, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Бид 2013 оны мөнгөний бодлогын хэрэгжилт, Монголбанк, Засгийн газар хоорондын тохиролцоогоор явагдаж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнгийн асуудал, гадаад валютын нөөц зэргийг хэлэлцлээ. Төв банкны өнгөрсөн жил, өнөө жилийн гүйцэтгэл алдагдалтай гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Магадгүй Төв банк өөрийн оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын, улс төрийн шахалтаар орсноор алдагдалд хүрч байгаа. Энэ нь цаашдаа Монгол Улсын санхүү, эдийн засагт хор нөлөөтэй үр уршиг дагуулж магадгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асуудалд Монгол банк хөрөнгө мөнгө гаргах нь зөв үү. Хэдийгээр арилжааны банкуудаар дамжуулаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн  Монголбанкны активаас даваад ирвэл алдагдал хүлээнэ. Засгийн газар бонд гаргах замаар алдагдлыг нь нөхөх хуулийн заалттай. Ингэхийн тулд заавал төсвөөр дамжина. Банк ямар ч тохиолдолд бие даасан үйл ажиллагаа явуулах хараат бус байдал нь алдагдаад байна. Нөөцийн хувьд зургаан долоо хоногийнх байгаа гэсэн. Улсын нөөц огцом багассан байна. Оны эцэст өр ширний тооцоо хийгээд ирэхээр  хэдэд хүрэх вэ. Энэ бүх зүйлийг анхаарч мөнгөний бодлогын асуудалд байр сууриа илэрхийлнэ. Төсвийн тодотголтой холбоотой асуудалд мөн л шүүмжлэхийн тулд шүүмжлээд байгаа юм биш. Төсөвт тодотгол хийснээр эдийн засгийн нөхцөл байдал углуургаараа сайжрахгүй.  Тоон үзүүлэлтүүд л Засгийн газарт ашигтай талтай. Энэ жилийн төсвийн орлогын гүйцэтгэл 86 хувьтай гарчээ.  Гэтэл хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ердөө 30 орчим хувьтай байна. Орлогын төлөвлөгөө 80 хувь биелээд байхад хөрөнгө оруулалт нь 30 хувьтай байгаа нь Засгийн газар ажлаа хийж чадаагүй байна гэсэн үг. Эдийн засгийн ажиллагаанд төр их хутгалдаж байна.  Хувийн байгууллагын ажлыг өөртөө татаж авч байна. гэсэн юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ