Тайван жагсаал боллоо
Өнөөдөр өглөөний 7.20-10.00 цагийн хооронд эв нэгдлийг уриалсан залуусын тайван жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид Чингис хааны нэрэмжит төв талбай, зүүн, баруун дөрвөн зам, Гадаад харилцааны яам болон МУИС-ийн төв байрны орчимд нийт есөн газар уриа лоозонгоо барьж бусдад харуулав.
Жагсаалд 80 гаруй залуу оролцож дуу хоолойгоо хүргэлээ. Тэдний зорилго нь УИХ, Засгийн Газрын гишүүдэд эв нэгдэлтэй байж улс орныхоо хөгжлийн төлөө тууштай зүтгэхийг мөн ард түмэндээ эв эетэй байж үргэлж нэгийгээ дэмжихийг уриалж байгаа юм. Жагсаалыг “Монгол Залуу Хүн” ТББ зохион байгуулан бусад долоон ТББ нэгдэн ажиллажээ. “Эв Нэгдлийн Их Хүрээ” нэртэй аяныг эдгээр залуус мөн өрнүүлж байгаа аж.
Тус аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь энэ жагсаал. Жагсаалд оролцогчдын барьсан лоозон дээр “Хүчирхэг намтай бус Хүчирхэг улстай баймаар байна”, “Албан тушаалд очихоо мэдээд Ард олныхоо төлөө зүтгэхээ мартаад байна уу?”, “Эрх мэдэл эд баялаг дутсандаа биш эв нэгдэл дутсандаа улсаа хөгжүүлж чадахгүй байна” зэрэг үгийг бичсэн байлаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ