Пусаны наадамд манай улс гурван кино “сойжээ”

img

18 дахь жилдээ болж буй Азийн “Канн” гэж нэрлэгддэг “Пусаны олон улсын кино наадам” саяхан болж өнгөрсөн. Энэхүү наадмын “Шинэ давалгаа” уралдааны тэргүүн байрын шагналыг манай улсын найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” уран сайхын кино хүртлээ.

Тус наадам нь энэ сарын 03-12-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхийн 80 гаруй орны 300 гаруй кино өөр өөр төрөлд өрсөлджээ. Харин “Шинэ давалгаа” төрөлд 10 орны шилдэг гэсэн кино өрсөлдсөн байна. Тэрхүү шилдэг 10 киног гурван удаа үзэгчдэд үзүүлдэг ба энэ өдрүүдэд 220 мянган хүн кино театрт ирж үзжээ.

“Алсын удирдлага” кинонд нийслэлийн ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл ба анхны хайрын тухай өгүүлдэг. Энэ нь энгийн түүх мэт боловч өсвөр насны хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулжээ.

Гол дүрд БНСУ-д сурч байгаа залуу жүжигчин Э.Баасандорж, УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, анхны “To be or not to be” уралдаант  нэвтрүүлгийн шагналт Ч.Ганбаатар нар тоглосон байна. Тус бүтээлийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан монголынхоо үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр хүртэл олон улсын кино наадмуудад оролцуулах төлөвлөгөөтэй юм байна.

Үүнээс гадна Пусаны 18 дахь кино наадмыг манай найруулагч н.Хоролдоржийн “Шарга даага” киногоор нээж, мөн залуу найруулагч н.Батамгалангийн “Хуучны сайхан өдрүүд”  богино хэмжээний киноны шилдэг аравт багтсан амжилтыг үзүүлжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Olloo:
BUSAN GEVEL ZUV BNO..
2013-10-16