Лангуу нь шатсан түрээслэгчид ажлын байртай болохыг хүсч байна

img

Өнгөрөгч наймдугаар сарын 23-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнс болон гоо сайхны барааны зах шатсан. Энэ үйл явдлын дараа ямар нэгэн мэдээлэл өгөлгүй, чимээгүй байсан үндсэн түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Нарантуул” захад гарсан галын шалтгаан нь богино холбоо үүссэнээс болсон бөгөөд хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай мэдээлэл зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Үүнээс үүдэн мэдээлэл хийх болсноо түрээслэгчид мэдэгдсэн. Тэд энэхүү мэдээллийн дагуу захын удирдлагуудтайгаа уулзахад тийм зүйл байхгүй гэсэн гэж ярьж байлаа.

Энэхүү лангуу ажиллахгүй болсноор түрээслэгчид, тор зардаг хүмүүс, лангууны туслах ажилчин зэрэг нийт 900-аад хүн ажлын байргүй болсон байна. Тус захын үндсэн түрээслэгч Д.Цамбажав “Түрээслэгчид төлбөр, мөнгийг яаралтай шийдэж өгөхийг нэхэж байгаа асуудал байхгүй. Харин бидний 80-аад хувь нь эхний ээлжинд ажлын байртай болох саналыг дэвшүүлж байна. Захын удирдлагынхаа ажлын байр барьж өгнө гэснийг дэмжиж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар тохироо хийсэн зүйл байхгүй” гэлээ.

Мөн хүнсний захад цайны газар ажиллуулдаг байсан түрээслэгч С.Эрдэнэцэцэг “Манайхыг гэрээр бол нэг овоохой л байсан юм шиг ярьж, бичиж байна. Бидний бүх зүйл шалгалт, хяналтын дор хэвийн байсан. Тэр үед баллонтой газ хэрэглэхийг хориглосон байсан учир огт хэрэглэхгүй байсан. Мөн бид нарт ОБЕГ-аас үзүүлэх сургалт явуулж,  МХЕГ-аас шалгалт хийдэг байсан бөгөөд дотоодын хяналт шалгалт ч их хийдэг байсан.  Агааржуулалтын тоног төхөөрөмж, дохиололын болон утаа мэдрэх төхөөрөмж, хяналтын камераар тоноглогдсон, цахилгааны разетка хана хоёроо хүртэл гал гарахаас сэргийлж тусгаарласан байсан” гэж ярьсан.

Тус захын шатсан хэсэг нь нэг сарын хугацаанд цагдаагийн хамгаалалтад байсан бөгөөд хоёр өдрийн өмнөөс буулгаж эхэлсэн ба ирэх 12 дугаар сарын нэгэн гэхэд буулгаж дуусгах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ