Төсвөөс авлигын мөнгийг хассан нь гишүүдийн уурыг хүргэж уушгийг нь сагсалзуулав
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн талаар илтгэхдээ "Авлигажсан төсөв" гэсэн нэр томъёог гаргаж ирлээ. Авлигажсан төсвөөс авлигыг арчиж хаяж байгаагаа мэдэгдлээ.
.
Тэгэхээр улсын төсвөөс авлигыг хасч байгаа нь төсвийн шинэчлэл биш үү. Хэрэв тийм гэж хэлэх хүн олон байгаа бол энэ эрүүл үйл явц мөн. Төсвийн шинэчлэл эхэлж байгаа ийм цаг үед МАН-ынхны бахыг хангаад яахнав дээ, Ж.Батзандан, Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан нар. Арайхийн газрын цээж өөд мазаж яваа намаа эдийн засаг хүндэрсэн үед нь дэвслээд хэрэггүй шүү дээ. Ард түмний итгэл үнэмшлийг авч нам сонгуульд ялна гэдэг улс төр хийж яваа та нарт хамгийн алтан боломж. АН байхгүй бол хэн ч биш шүү дээ. Ж.Батзандан өндөр дуугаар "Энэ Ерөнхий сайд тонил, алсын хараагүй Ерөнхий сайдаар яах юм" хэмээн хэлэхэд Ц.Нямдорж гишүүн бүр нэг бах тав нь ханаж байгаа бололтой инээж сууна лээ.
.
Энэ хүнийг хууль зүйн салбарт эрх мэдэлтэй байхад эрхэм гишүүн Ж.Батзандан "Ганц худагт" хоригдож, АН руу очин авралд нь багтаж байлаа. Энэ бол маргашгүй үнэн. АН сонгуульд ялаад албан тушаал хуваарилах үед Р.Амаржаргал гишүүнд хангалттай санал тавьсан л байдаг шүү дээ. Таныг сайд хий гэсэн. Та "Үгүй ээ, би Ерөнхий сайд л болбол болно" гэж хэлсэн. Ялсан намын даргад Ерөнхий сайдын сонголт байдгаас өөр хүнд байдаггүй нь дэлхийн улс төрийн зарчим. Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан хоёр АН-ын гишүүн байснаараа муудаагүй, харин сайн сайхан л яваа байх. Энэ мэтээр МАН-ынхны дэглэж буй улс төрийн тоглоом, Н.Алтанхуягийг муулах социалист уралдаанд та нарын давхилдаж орохыг харах муухай байна. МАН-ын их хурал болох гээд, намын даргаа сонгох гээд өөр хоорондоо алаан болж байна. Тэр бүхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан алдаад арайхийн дарсаар байна. Ард түмний анхаарлыг арай өөр зүйлд төвлөрүүлэх нь төсөв болчихоод байна. Эд нөхөд хоорондоо намынхаа даргаас болж хэмлэлдээд, гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлбэл үнэндээ АТГ-ын Мөрдөн байцаах алба ажлаа дийлэхгүйд хүрнэ. ЦЕГ-т гүйцэтгэх ажилтнууд байх шаардлагагүй болно. Өөр өөрсдийгөө бариад өгчих учраас. Ийм л эгзэгтэй цаг үед УИХ-ын чуулган дээр хэдэн гишүүн нь төсвөөр тодрох (үүнээс өөр пиар хийх боломж өнөөдөр тэдэнд алга байна шүү дээ) гэсэн жүжигт нь АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн нөхдүүд оролцчихсон явна. Улс төрийн мэдрэмжээ гэж сурахгүй нь сурахгүйгээрээ дуусах юм даа.
.
Улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг эрхбиш юм уншиж ойлгодог хүнд бол багцаалахаар л байгаа. Урьд жилүүдэд уул уурхайгаас орж ирж байсан их орлогоороо тооцоод цамаан төсөв баталсан гэж. Цамаан төсөв гэдэг нь ч сая Ерөнхий сайдын хэлснээр авлигад өгөх мөнгөө шингээчихсэн төсөв байж. Үүнийг чинь Засгийн эрхийг авч байж, Ерөнхий сайд хийж нарийн ширийн тооцоотой нь танилцаж байж л мэддэг бололтой. Үүнийгээ УИХ-ын чуулганд танилцуулахдаа товчлоод "Авлигажсан төсөв" гэж хэллээ. Уг нь бүр задлаад "Урьд жилүүдийн төсөвт албан тушаалтнуудад өгдөг авлигын мөнгө нь шингэсэн байдаг байжээ. Энэ нь илэрч байна. Ийм болохоор ирэх жилийн төсвөөс энэхүү авлигын мөнгийг хаслаа. Авсан санхүүжилтээсээ авлигад өгч дутаачихаад ахиад мөнгө нэхэж байгаа аж ахуй нэгжүүдийн дутуу орхисон барилга байгууламжуудыг дуудлага худалдаанд оруулъя" гэсэн бол нэн тодорхой тайлбар болох байлаа. Гэтэл авдгаа хасуулж тануулсан, тойрогтоо улсын төсвөөр баригдсан, хийгдсэн бүхний автор нь болж жүжиглэдэг Их хурлын гишүүдэд энэ нь дайсагнасантай адил тусав. Уур нь хүрцгээж, уушги нь сагсалзав. Ийм л юм Их хурлын өнгөрсөн долоон хоногийн чуулган дээр боллоо.
:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүх бүтээн байгуулалтууд зогсчихсон уу гэхээр тийм биш байна. Төсөв нь хүрэлцэхгүйгээс энэ жил юу ч шинээр босохгүй гэвэл Засгийн газартай, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай муудмаар байна. Авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг царай алдаж, авлигыг нь өгч, бас дээр нь ажилчдаа цалинтай, албан татвараа тасалчихгүй гэсэндээ үсээ цайртал зүтгэж яваа аж ахуй эрхлэгчид, бизнесменүүддээ төр засаг хүндэтгэлтэй хандах ёстой. Тэд л улс орныг авч явдаг. Ямартай ч 2014 оны төсвийн хөрөнгөөр 58 цэцэрлэг, 64 сургууль, 28 дотуур байр, 48 эмнэлэг, 9 соёлын төв, 8 цэвэрлэх байгууламж барьж хэдэн зуун км төмөр зам, авто зам, төмөр бетонон гүүрүүд баригдах нь. Дээр нь Чингис бондын мөнгө нь улсын төсвөөс тусдаа хөрөнгө оруулалт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энд ийм нэг яриа гарах юм. Өмнөх Засгийн газраа мууллаа гэж. Тэгвэл энэ хүснэгтийг хар.
.
. Төсвөө хэдэн он дамжуулж авдаг, авахын хэрээр мөнгөн дүн нь тэрбум тэрбумаар өсдөг ийм 109 барилга, байгууламжийн жагсаалтаас эхний 10-ыг нь жишээ болгож авлаа. 800 саяар барих байшин явсаар найман тэрбумд хүрсэн баримт энд байгаа. Эхэлсэн он, дуусах он хоёрыг нь сайн хараарай. Хаа байсан 2007 оны барилга өнөөдөр дуусаагүй, барилгаа дуусгана гээд нэг тэрбумаа авсан ч өсгөсөөр өнөөдөр 5 тэрбум 550 сая төгрөг болчихсон явааг өнөөдрийн Ерөнхий сайд өмнөх Засгийн газрынхнаас асуухгүй өөр хэнээс асуух ёстой юм бэ. Лобби хийж батлуулсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж хоёроос асуух ёстой шүү дээ. Мөнгийг нь өгсөөр байтал яагаад баригдаж дуусдаггүй, тэгсэн хэрнээ жил бүр тэрбумаар өсгөж авсаар байгаа нь ямар шалтгаантай юм бэ гэж. Гэхдээ Н.Алтанхуяг ингэж хэн нэгэн рүү асуухгүй юм шиг байна. Хэн нэгний буруу гэхээс илүү тогтолцооны гажуудал гэж харж байгаа юм байна. Энэ гажуудлыг л засъя гэж ярьж байна. Хорин жил нэг намын арга барил ноёрхож, ингэж мөнгө олдог албан тушаалтнуудын тогтолцоо бий болсныг нэг ширхэг ч хар үсгүй болсон бизнесийнхэн сайн мэднэ. Тэд нотолно. Гэвч шударга ёс зөвхөн эхлэл дээрээ яваа ийм цаг үед тэд дуугарахгүй нь тодорхой юм. Яамны нэг мэргэжилтэн л тэднийг хорлочихно шүү дээ. Яль шалихгүй зүйлээр л тэднийг боомилж авлига авахаа мэдрүүлдэг. Монголын төрд авлигын сүлжээг бий болгон 20 жил ноёрхсон албан тушаалтнуудын армитай Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэж тарж байна шүү дээ.
:
Жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
.
П.Хашчулуун
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ