Сирид томоохон халдлага болов
Сирийн Хама хотын захад амиа золиослогч этгээд машинд бөмбөг дэлбэлсний уршгаар 30 гаруй хүн амиа алджээ. “ВВС” агентлагийн мэдээллэснээр амиа золиослогч этгээд төрийн байгууллагын шалгах цэгийг дэлбэлэх зорилготой байсан гэнэ.
Их Британи улсаас Сирийн дайныг ажиглаж байгаа хүний эрхийн байгууллага “Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой халдлага боллоо гэж үзэж байгаа гэжээ. Ажиглагчдын дүгнэж байгаагаар уг машинд бөмбөг тавьж, Сирийн Засгийн газрын эрх мэдэлтнүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсан ч, харамсалтай нь энгийн иргэд золиос болсон гэнэ. Дээрх халдлагаас амьд үлдсэн иргэн “Эдгээр террористууд энэ улсад байх ёсгүй” хэмээн хэлжээ. 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн Сирийн иргэний дайн газар авч эхэлсэн цагаас Хама хотынхон ерөнхийлөгч Башар Ал-Ассадын дэглэмийг хүчтэй эсэргүүцэж байсан юм. Хама бол орчин үеийн Сирийн түүхэн дэх чухал газруудын нэг бөгөөд Башар Ассадын эцэг ерөнхийлөгч агсан Хафез Ал-Ассад, Лалын ахан дүүс байгууллагын эсэргүүцлийг дарахын тулд дайчдыг Хама руу илгээж байсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ