600 хүнийг архинаас гаргах эмчилгээнд хамруулна
Хууль зүйн яам “Сэтгэлийн анир” ТББ-тай хамтран архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, тэмцэх ажлын хүрээнд “Эрүүл сонголт-Тайван амьдрал” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг, архины асуудалтай 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр архинаас гаргах сэтгэл заслын хөтөлбөрт хамруулах юм байна. Хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.
Тус хөтөлбөр нь ирэх сараас эхлэх бөгөөд архинаас гарах хүсэлтэй иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой аж. Өмнөх жилүүдэд 250 мянган төгрөгийн төлбөртэй архинаас гаргах, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах хүн цөөхөн байдаг байжээ. Харин энэхүү хөтөлбөрт үнэгүй хамрагдах бөгөөд архины хамаарлын түвшинг оношлуулсны дараа танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын хөтөлбөрт хамрагддаг ба энэ нь 30-45 хоног үргэлжилдэг.
Дэлхий нийтийн практикт архинаас гаргах буюу архинд донтох өвчнийг эмийн аргаар эмчлэхэд 20-30 хувийн үр дүнтэй байдаг бол сэтгэл заслын аргыг хэрэглэснээр 70-80 хувийн үр дүн гардаг гэж судалгаагаар тогтоогдсон байдаг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ