
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийв.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх асуудлаар айчлалын үеэр ярилцаж, санал солилцсон байна.
Тухайлбал, нүүрс олборлолт, зэс боловсруулалтын талаар арвин туршлагатай Польш Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах, харьцангуй үнэ хямдтай ч ЕХ-ны норм, стандартын дагуу үйлдвэрлэгддэг Польшийн уул уурхайн технологи, бусад машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, Польшийн Засгийн газраас олгодог “нөхцөлт тусламжийн зээл”-ийг авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ярилцжээ. Айлчлалын үеэр “Уул уурхай болон уул уурхайн тохог төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг”-т Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Польш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар гарын үсэг зурсан байна. Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Бизнесийн чуулга уулзалтад хоёр орны Ерөнхийлөгч нар оролцов. Польшийн Ерөнхийлөгчийг 50 гаруй Польшийн бизнесийн төлөөлөгчид дагалдан ирсэн бөгөөд уул уурхай, барилга, хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцаж, тохиролцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ