Д.Эрдэнэбат: 2014 оны төсөв анх удаа царцаж байна

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт урд хөршид айлчилна. Айлчлалаар яригдах асуудлын талаар мэдээлэл сонссон байна. Хятад улстай дунд хугацааны стратегийн түншлэлд гарын үсэг зурах нь зөв гэж тус намын бүлэг үзжээ.  Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн паркийг барих, нүүрсний гүн боловсруулалт  дээр хамтарч ажиллах тал дээр АН байр сууриа хэлжээ. Түүнчлэн ЕвроАзийг холбосон транзит тээврийн асуудал дээр онцгой ач холбогдол өгч байгаа гэнэ.  Төрөөс эрдэнэс баялгийн талаар баримтлах бодлогын асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг мөн сонсчээ. Энэ асуудал дээр ажлын хэсгүүд нэгдсэн ойлголцолд хүрсэн аж.  2014 оны төсөвтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн анхны хэлэлцүүлгийг сонссон байна. Тэрбээр төсөвтэй холбоотой мэдээлэлдээ,  2014 оны төсөв бол улс орон, эдийн засгийн бодит байдалд тулгуурласан, ард түмний амьдралыг дээшлүүлсэн төсөв байгаасай гэж хүсч байна.  Энэ ч утгаараа улстөржилт багатай байгаасай гэж бодож байна.  2014 оны төсвийг царцаах асуудал бол анх удаа хийгдэж байгаа ажил. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хурдацтайгаар  өсч байсан. Ялангуяа сүүлийн гурван жилийн төсөвт хэмжээ  хязгаараа алдаж, төрийн данхайлгасан, цатгалан төсөв баталж байжээ. Ард түмний хөрөнгө, мөнгөөр задгайдуу явж ирсэн төсөв болсон гэдгийг бид хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас 2014 оны төсөв анх удаа царцаж байна. Ажлын хэсгийнхэн 2014 онд төсвөөс гадуур хийгдэх  хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.  Төсвөөс гадуур зээлийн, бондын хөрөнгөөр ямар ажил хийх жагсаалтыг танилцуулах үүргийг манай бүлэг өгсөн.  Төрийн захиргааны компьютер, сандал ширээ  зэрэгт нийт 27 тэрбум төгрөг зарцуулсныг эргэж харах ёстой гэдэг асуудлыг ажлын хэсэг гаргасныг бид зүйтэй гэж үзлээ. 2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа ам.доллартай харьцах монгол төгрөгийг 1480 төгрөг гэж авсан нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг нягтлах хэрэгтэй. Бид валютын ханшийг тухайн оны төсөвт авч үзэхдээ Монгол  банкны прогноз, өнгөрсөн оных нь валютын ханшийн дундаж хэлбэлзлийн төвшин зэргийг авч үзэх даалгаврыг өглөө.  Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40-60 хувьд хэлбэлзэнэ гэсэн тооцоолол хийсэн. Энэ ямар үндэслэлтэйг судлах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл он оноор нь авч үзэх хэрэгтэй.  Бид Засгийн газрын саналыг авч үзэж болно. Гэхдээ 40-60 гэдэг хувийг яагаад гаргаад ирсэн бэ гэдгийг судалж үзэх ёстой гэсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан.

.

-Ерөнхийлөгчөөс ирэх оны төсөвтэй холбоотойгоор хуулийн төсөл оруулж ирсэн.  Уг төслийг дэмжиж байгаа болов уу?

-Ерөнхийлөгчийн тухайд Орон нутгийн хөгжлийн сантай холбоотойгоор төсөл оруулж  ирсэн. Энэ талаар ажлын хэсэгт үүрэг чиглэл өгсөн. Орон нутгийн мөнгө төсөвт буурсан байж болохгүй гэдгийг ажлын хэсгийнхэнд хэлсэн.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
биднийг стратегийн түншлэлээр сонгохгүй бхөө, шаардлагы нь хангахгүй шүү дээ. зүгээр л түншлэл гэдэг хэмжээнд л авбал ихийм
2013-10-21