“Оюутолгой”-н баяжмал Хятадын агуулахад гацсаар байна
Торонтогийн хөрөнгийн бирж дээр энэ сарын 18-ны өдрийн байдлаар “Оюутолгой”-н хувьцааны ханш 0.43 хувиар өсч, 4.59 кан.доллар болжээ. Тус компанийн хувьцаа 52 долоо хоногийн хугацаанд хамгийн дээд талдаа 9.48 кан.долларт хүрч байсан билээ. Үүнээс хойш тогтмол буурсаар сүүлийн нэг сарын турш 4.05-4.5 кан.долларын хооронд хэлбэлзэж байна.
Зарим шинжээчид үүнийг “Оюутолгой”-н баяжмал Хятадын баталгаат агуулахад гацсантай холбон тайлбарлаж буй юм. Тодруулбал, “Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлээд бараг нэг улирал өнгөрч, ил уурхай 100 хувь хүчин чадлаараа ажиллаж байгаа аж. Гэвч худалдан авагч талууд Хятадын гаалийхнаас бүтээгдэхүүнээ авч чадахгүй хүлээсээр байна. Одоогоор 38.000 тн баяжмалыг Хятадын хилээр нэвтрүүлэн, тус улсын баталгаат агуулахад хадгалагдаж байгаа юм. Мөн 122.000 тн нь “Оюутолгой”-н агуулахад байгаа аж. Үүнээс гадна энэ оны эхний есөн сард 83.000 унц алт, 281.000 унц мөнгө олборлосон байна. “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Kay Priestly “Экпорт хийгдэж байгаа бөгөөд Хятадын гаалийхантай худалдан авагч нар үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. 2013 оны хувьд 75.000-85.000 тн зэс бүхий баяжмал үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.
Үйлдвэрлэл амжилттай эхэлж харин борлуулалт гацсан энэ үед ордын цаашдын хувь заяаг хэлэлцэхээр Рио Тинтогийн төлөөлөгчид өнгөрсөн даваа гаригт Монголд ирсэн билээ. Хэлэлцээрээр талууд далд уурхайн санхүүжилтийг шийдэх ёстой. Монголын талаас эхний ээлжинд ордын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн гэдгийг батлаад байгаа билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ