
Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэж байгаа юм байна.
Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргажээ. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж эхэлсэн байна.
Автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07.00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 102 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07.50 цагт ирэх юм. Энэхүү туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ