Мянган оюутны байрыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө
Энэ сарын нэгэнд ашиглалтад орох ёстой байсан “Мянган оюутны байр”-ны ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна. Энэ нь тус байрыг ашиглалтад орохыг хүлээн, хөлсний байр болон хамаатан садныдаа түр амьдарч байгаа оюутнуудад багагүй хүлээлт үүсгээд байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор БШУЯамны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Э.Эрдэнэбулаг болон холбогдох албаны хүнээс тодруулахад “Хоёр байрны барилгын ажил бүрэн дууссан. Хоёрдугаар барилга дулааны болон бохирын асуудалтай байгаа бөгөөд одоогоор түүнийг нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлээд хоёрдугаар барилга ирэх оноос өмнө ашиглалтад орно. Харин нэгдүгээр барилгын ус, дулаан зэрэг асуудал бүрэн шийдэгдсэн болохоор ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэж өгнө” гэдэг хариулт өглөө.
Тус барилгын хотын төвд баригдсан, олон хүн амьдрах зориулалттай зэрэг нь ус, дулаан, бохирын шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд бага зэрэг хүндрэл учруулж байгаа аж. Мөн байрны тавилгын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд тавилгыг өрөөнүүдэд нь байрлуулсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ