
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 10-наас сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эхэлсэн билээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 121971 ширхэг бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны захиалга ирсэн байна.Өнөөдрийн байдлаар үүнээс 119091 ширхэг иж бүрэн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, сургуулиудад нийлүүлж буй юм. Гэхдээ дүрэмт хувцасны үлдэгдэл их байгаа тул нийслэлд одоогоор бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийг зогсоогоод байна. Харин хөдөө орон нутагт 80931 ширхэг бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас нийлүүлжээ. Орон нутагт 1-3 ангийн хүүхдийн дүрэмт хувцасны нийлүүлэлт үндсэндээ дуусч байгааг салбарын яамныхан мэдэгдлээ.
Улаанбаатар хотод 1-5 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэж дуусаад, 6,7 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцас оёх ажил руу орж байгаа аж.
Дүрэмт хувцасны чанарын тухайд оёдлын шаардлага хангаагүй 12 жижиг үйлдвэрийг хасчээ. Харин даавууны хувьд Монголын нэхмэлийн хүрээлэнгийн лабораторийн хэд хэдэн удаагийн туршилтаар сайн гэсэн үнэлгээ авсныг үйлдвэрлэгчид хэлж байв. Хэрвээ үнэхээр чанарын шаардлага хангахгүй дүрэмт хувцас байвал үйлдвэрлэгчдэд буцаан өгөх боломжтой аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ