Башар Аль Ассад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
НҮБ, Арабын орнууд, АНУ, ОХУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн асуудлыг шийдэх энхийн хэлэлцээрийг ирэх сард Швейцарийн Женев хотноо зохион байгуулах гэж байна. Сирийн сөрөг хүчин энэ уулзалтад оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Башар Аль Ассад Арабын орнуудад нэвтэрдэг “Аль-Маядин” теле сувагт өгсөн ярилцлагадаа “Шийдвэр сирийн ард түмнийх байх ёстой, сөрөг хүчнийхэн зөвшөөрөх эсэх нь сонин биш” гэж хэлжээ. Мөн 2014 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтойгоо “Сонгуульд өрсөлдөхгүй байх шалтгаан өөрөөсөө олж харахгүй байна” гэж мэдэгдсэн аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жем Керри “Ассад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь Сирид дэгдээд байгаа иргэний дайныг улам даамжруулна” гэв. Ассадыг мэдэгдэл хийхээс өмнө тус улсын гадаад хэргийн сайд Омран Аль Зауби “Сирийн Засгийн газар Женевт болох энхийн хэлэлцээрт оролцоход бэлэн, гэхдээ алан хядагчид, тэднийг өөгшүүлэн дэмжигчидтэй хэлэлцээр хийхгүй” гэж мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ