Ерөнхий сайд Хөрөнгө оруулалтын хуулийг онцлов
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын хөгжлийн түүчээ болсон Чөнду хотноо олон улсын форумд таван орны төлөөлөгчид оролцсон юм. Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд 2008 оноос хойш зохион байгуулдаг болсон тус форум энэ жил “Тэнцвэртэй хөгжих, хамтаар хөгжил цэцэглэлийг цогцлоох нь” сэдвээр өрнөсөн.
6
Монгол Улс бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах баталгаатай түнш нь байж чадах орон болж байна. Монгол Улсад хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах хамгийн чухал баталгаа бол Монголын Засгийн газрын санаачилгаар сая УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын хууль юм гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Оруулсан хөрөнгөөсөө хамаарч татвар төлөх тогтвортой орчин бүрдэж, хөрөнгө оруулалтын бүртгэлийг шуурхай, хүнд сурталгүй болгосон зэрэг чухал зохицуулалтуудыг энэ хуульд тусгасан. Цаашид Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, төрөлжүүлэх болно гэж Засгийн газрын тэргүүн олон улсын хурлын индэр дээрээс хэлсэн юм. Тавдахь жилдээ зохиогдож буй уг форумд манай улсын Ерөнхий сайдаас гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян болон Австрали, Канадын Амбанн захирагч, Македоны ерөнхийлөгч, Танзанийн Ерөнхий сайд, Беларусийн Ерөнхий сайдын орлогч оролцлоо.
6
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсан юм.
6
Манай мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгааг ноён Чэнь Жэнгоа онцлоод, эдгээр асуудлыг боломжтой хувилбараар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Ляонин мужийн төв Шэньян хотоос Улаанбаатар луу шууд нислэг үйлддэг болох, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Шэньян хот руу төмөр зам татах зэрэг тодорхой саналууд одоогоор яригдаж байгаа юм. Нислэгийн тухайд, Улаанбаатар-Дорнод-Хайлаар чиглэлд нислэг үйлдэж байна.
6
Ерөнхий сайд энэ айлчлалынхаа хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна. Энэ хөтөлбөрт хоёр улс бүс нутгуудынхаа оролцоог нэмэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан. Хоёр улсын худалдааны тэлэлтэд Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин муж гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн хүрээнд Ляонин муж, Сүхбаатар аймаг бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллах боломжтой тул Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр энэ талаар тусгасан санамж бичигт хоёр хотын удирдлага гарын үсэг зурсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ