"Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар" үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан "Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын музейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Батлан хамгаалахын төв архив, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 15-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. Үзэсгэлэнд 1945-1965 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилгажилттай холбоотой 60 гаруй гэрэл зураг тавигдсан юм.
1945-1950-иад онд Улаанбаатар хотын төвийн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс ургаш, Гадаад яамны байшин, Төв полклинк, зүүн талаар нь 1 дүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр/ одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Засаг даргын тамгын газар/, хоймортоо Засгийн газрын ордныг барьжээ. Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны эдгээр байрилгыг барихад олзлогдсон япон цэргүүдийг оролцуулсан байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтад Монгол улсын барилгын цэрэг оролцож, Мах комбинат, хивс, гутал, савангийн үйлдвэрийг зэрэг олон арван байгууламжийг барьсан байна.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ