6.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
МХЕГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 472 обьектыг шалгажээ.Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нийт 8700 гаруй аж ахуй нэгж байдаг аж. Шалгалтад хамрагдсан газруудын 80 хувь нь барилга байгууламж мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, агааржуулалтын системтэй боловч эдгээрийн 70 гаруй хувь нь бүрэн ажиллагаагүй байжээ. Мөн тэдгээрийн 40 хувь нь цэвэр, бохир усны системд холбогдоогүй, хоол үйлдвэрлэлийн байр нь халуун боловсруулалтын, бэлтгэлийн, угаалгын хэсгийг тус тусад нь зохион байгуулаагүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй бөгөөд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор хамт хадгалж байсан нь тогтоогдсон байна.
Үүнээс гадна хоолны дээж хадгалж буй хөргөх төхөөрөмжийн хадгалах нөхцлийг температур хэмжигчээр хэмжиж үзэхэд 147 газар хоолны дээжийг шаардлага хангаагүй нөхцөлд хадгалдаг байна. Гал тогооны сав, багаж хэрэгсэл, ажиллагсдын гар, ажлын хувцас, хүнстэй харьцагч гадаргуу зэргээс авсан нийт 1164 арчдасын 300 сорьцоос нь нянгийн бохирдол илэрч, шинжилгээнд хамруулсан 238 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 0,8 хувь нь чанарын шаардлага хангаагүй байжээ.
Шалгагдсан байгууллагын 32 хувь нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтэл, шавьжгүйтэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй зэрэг зөрчил илэрчээ. Зөрчил бүхий 32 аж ахуй нэгж, иргэнд 6 сая 510 мянган төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ