Ноён Д.Жонстон хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон гэргийн хамт манай улсад айлчилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу ноён Дэвид Жонстон өнөөдөр УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцлоо. Чуулганы хүндэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:
-Канад Улс нь Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг дэмжсээр ирсэн. Хамгийн дулаахан сууцыг Канад байшин гэдгийг монголчууд бид хүлээн зөвшөөрдөг. Канадын уул уурхайн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийж томоохон хувь нэмэр оруулсан. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, манай улсад төрийн айлчлал хийж байгаа ноён Дэвид Жонстонд талархал илэрхийлье хэмээлээ. Ингээд хүндэт зочин, ноён Дэвид Жонстоныг хүндэтгэлийн чуулганд үг хэлэхийг урьсан юм.
1
Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар, тэр дундаа уул уурхай, барилга, боловсролын салбарт цаашид хамтран ажиллах талаар хэлсэн үгэндээ дурьдлаа. Түүнийг үгээ хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд "манай сайхан оронд тавтай айлчлахыг хүсье" гэв. Ноён Д.Жонстон чуулганы танхимд гишүүдэд мэхийн ёсолсоноор хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ