Бо Силайн шүүх хурал хойшлогджээ
Хятадын улстөрч Бо Силайн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан ч үл мэдэгдэх шалтгаанаас болж хойшлогдсон байна. Бо Силай цагдаагийн өндөр хамгаалалт дор Жинань хотод болох шүүх хуралд оролцохоор ирж явсан ч шүүх хурал хойшлогдсон хэмээн түүнийг хорих анги руу нь буцаасан тухай “ВВС” агентлаг мэдээлэв.
Бо Силайг шүүх рүү тээвэрлэхтэй холбоотойгоор Жинань хотын цагдаа нар зарим байшин барилга, автозамыг хоёр цагийг турш хаасан гэнэ. Хамгаалалтад 800 гаруй цагдаа ажиллажээ. Бо Силай давж заалдах шүүх хурал хойшлогдсоныг мэдээд маш чангаар “Шүүх шударга байгаасай” хэмээн хашгирсан гэнэ. Түүнд Жинан хотын шүүхээс 20.4 сая юанийн хээл хахууль авсан хэргээр бүх насаар нь хорих ял, таван сая юань шамшигдуулсан хэргээр 15 жилийн ял, дээр нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж долоон жилийн ял оноосон юм.
Дашрамд дуулгахад, түүний эхнэр Гу Кайлай Их Британийн бизнесмэн Нил Хейвудын амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон билээ. Түүнд өнгөрсөн оны наймдугаар сард шүүхээс бүх насаар нь хоригдох ял оногдуулсан юм. Гу Кайлай 2011 оны арваннэгдүгээр сард нэгэн үдэшлэгийн үеэр Нил Хейвудын ууж байсан архинд үхэлд хүргэх хорт бодис хийсэн байдаг. Эхнэр нь их хэмжээний мөнгөний асуудлаар бизнесийн хамтрагчаа хөнөөсөн нь Бо Силайн байр суурийг бүрмөсөн унагаасан юм. Түүний эхнэр давж заалдах хүсэлт илгээсэн ч шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ