Төсвийн тодотголыг баталлаа

_
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 73,8 хувийн саналаар баталлаа.
_
Энэ оны төсөвт тодотгол хийснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 20 сая, УИХ-ын дарга 100 сая төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 сая, Төрийн албаны зөвлөл 60 сая, Монгол Улсын Ерөнхий сайд 7 тэрбум 850 сая, Шадар сайд 15 тэрбум 821 сая 100 мянган, ЗГХЭГ-ын дарга нэг тэрбум 650 сая, Гадаад харилцааны сайд 13 тэрбум 880 сая төгрөг, Сангийн сайд дөрвөн их наяд, Хуульзүйн сайд 54 тэрбум 539 сая, БХБ-ын сайд гурван тэрбум, Батлан хамгаалахын сайд 11 тэрбум 509 сая, БШУ-ны сайд 10 тэрбум 920 сая, Зам тээврийн сайд 69 тэрбум, Уул уурхайн сайд 208 тэрбум 38 сая, Хөдөлмөрийн сайд 139 сая, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хоёр тэрбум 439 сая, Эдийн засгийн хөгжлийн сайд 23 сая, Эрчим хүчний сайд нэг тэрбум, 94 тэрбум 714 сая төгрөгийг төвлөрүүлэн, зарцуулах эрхийг тус тус олголоо.
_Энэ оны төсөвт тодотгол хийх хуулийг баталсантай холбогдуулан дагалдах хуулиудыг ч гишүүдийн олонхийн саналаар баталсан. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ