Өөрийгөө өршөөх зайд
Хумхийн тоос уг нь харагддаг юм гэсэн даан ч бид тийм юм анзаарах завгүй байна гэж нэг уужуухан дотортой найз маань ярьж билээ. Үхэх төрөх зайд хүмүүн бид идэх, унтах, бие махбодын бүх төрлийн таашаалд дурлан мэдрэхүйн цэнгэл жаргалыг сэхээ сөгөөгүй хөөцөлдөнө. Бид бас амьдрал гэх энэ богинохон зайд нийгэм гэсэн тогтоц дотор үзэл бодол, ааш авир, хөрөнгө чинээ гээд олон ялгарал ондоошлоороо өөр хоорондоо толхилцоно.
Үүний цаана бид хэдийгээр олон шинжээрээ нийгмийн амьтан мөн боловч нөгөө талдаа сэтгэлийн амьтан гэгддэг. Хэн нэгэнд гомдох баярлах, үзэн ядах уучлах, үймрэх тавгүйтэх, гуниглах санаашрах, итгэл урам зориг орох, түүнийгээ алдах, ганцаардах, шунах гээд хүн гэдгийг маань илэрхийлж байдаг сэтгэл гээч нэгэн хонхны жингэнээ бидний дотор байдаг. Энэ сэтгэлийн цаана хүний олон сайхан мөн чанар оршиж байдаг. Түүнийг нэг жолоогүй алдвал хүсэх нь үл гүйцэгдэнэ, бас үл ханана. Сэтгэл тавгүйтэхэд хоол байх байхгүй, өлсөх юу ч биш болно. Сэтгэлээр үхнэ бас сэхнэ гэж ярина. Сэтгэл буй тул бид бие биеэ уучилж, энэ хорвоод нэг дээвэр доор багтан амьдарч байгаа ч гэдэг. Сэтгэл бол хязгааргүй. Энэрэнгүй, асрахуй, өршөөхүйн сэтгэл хамгийн агуу нь юм. Энэ бол ухаантнуудын үг.
Сэтгэл дэлхий ертөнцийг тэр чигээр нь ер юуг ч багтаахаар тэлж чадах ба амиа бодож өөрийн “Би”- гээ хэт дагавал өчүүхэн ч гэрэл туяа хавж орохооргүй жижгэрч харанхуйлдаг. Энэ бол амьдарлыг ажиглаж харж буулгасан миний үг.
Хүний сэтгэл бол агуу их юм. Энэ агуу дотоод ертөнцөө ашиглаж бид өөр хэн нэгнийг уучилж, энэрч өршөөж, мөнх бусийн богинохон зайд үзэн ядалтаасаа салж үхэл гэх харанхуйд тайван одох боломжийг хадгалж байдаг. Бид хэн нэгнийгээ ямар нэгэн цагт юм уу, “амжаагүй” бол бүр сүүлчийн замд нь үдэхдээ уучилж, зангирч байсан гомдол бүхнээ гарган хаяж, сэтгэлээ хар санахын ачаанаас хөнгөлж байдаг. Үүгээрээ бид үзэн ядалтын хүлээснээс бага багаар салж цаашаа хүн төрлөөрөө амьдрах боломжоо олж авч байдаг.
Хэрвээ бид өршөөж чаддаггүй, уучилж чаддаггүй байсан бол амьдрал там болох байсан биз. Бусдыг уучилж, үзэн ядалтаа үлдэн хөөж чадаагүй дээ хайртай дотны нэгнээ хүйтэн зэвсэг хэрцгий аргаар хөнөөж өөрөө амьдын тамд унасан нь цөөнгүй байдаг.
Энэ талаасаа хэн нэгнийг ойлгох, уучлах гэдэг бол араатны амьдралд хүрэх аймшигт шийтгэлээс өөрийгөө өршөөж байгаа хэрэг юм гэж хэлж болно. Уучлал өршөөлийг боломж бүрт, хэн нэгэндээ үзүүлэх нь өөртөө өршөөлийг цохон олгож байгаа хэрэг. Бусдыг өршөөдөг, уучилдаг, энэрдэг, асардаг, тусалдаг хүн эцэсдээ бурхан болдог гэдэг. Гомдол үгүй, үзэн ядалтгүй, хэнд ч атаархахгүй, юунд ч шунахгүй нэг өдөр, нэг цагийг өнгөрөөж үзсэн үү гэж өөрөөсөө асууж үзээрэй та гэсэн гэгээрсэн оюунтнуудын хэлснийг дахин дамжуулах гээд байна. Бид уур уцаар, үзэн ядалтаар яагаад хэтдээ өөрийгөө алж байдаг вэ ?
Нийгэм судлаач, доктор Г.Бямбасүрэнгийн буулгаснаас иш татья.
... Уур бухимдал, үзэн ядалт зэрэг сөрөг хөдлөлүүд нь хүний бие эрхтэнд шууд муугаар нөлөөлж өвчлүүлдэг.Уурлах, бухимдах, айх, гомдох, гутрах, аливаа юманд санаа зовох зэрэг нь хүний бие организмыг өвчлүүлэхээс гадна асар их муу энергээр тухайн хүндээ сөргөөр нөлөөлж байдаг... Сэтгэлийн сайн ба муу хөдлөл нь сайн ба муу энергийг үүсгэн бий болгодог аж. Элэг уур даадаггүй эрхтэн гэнэ. Огцом уурлаж бухимдах нь элгэнд шууд муугаар нөлөөлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Үргэлж аливаа зүйлд санаа зовж айдас, хүйдэстэй явдаг хүмүүсийн бөөр муу байдаг байна. Аливаа зүйлд харуусдаг, гомддог хүмүүсийн дэлүү, ходоод өвчлөмтгий байдаг байна.
Гутранги үзэлтэй хүмүүсийн уушиг муу байдаг гэнэ. Энэ нь даамжирч зүрх судасны өвчинг үүсгэдэг байна. Үүнээс үзэхэд сэтгэлийн муу хөдөлгөөнүүд нь үргэлж эзэн биеэ хорлож байдаг . Аливаа хүнд гомдох, уурлах, үзэн ядах зэрэг сэтгэлийн сөрөг хандлагууд нь эзэн биеэ хордуулаад зогсохгүй эзэн биеийнхээ сайн энергийг сорж, устгаж улмаар муу энергийг үйлдвэрлэн гаргадаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь энерги судлаачид аливаа муу энерги хүний өвчний эх үндэс болдог гэж тайлбарладаг байна.
Элэг оюун ухаан хоёр холбоотой ажээ. Муу зүйлийн талаар бодоход элэг шууд хямардаг байна. Тархинд бодогдсон муу бодлууд нь хортой бодис ялгаруулж ялгарсан бодис нь элгийг хордуулдаг байна. Элэг өөрөө хүнийг биеийн хорыг цэвэршүүлэн шүүдэг эрхтэн бөгөөд тархинаас ирэх хорыг цэвэршүүлж дийлэхээ болиод ирэхээр түүнийг шууд цусанд нийлүүлж эхэлдэг байна. Цусаар дамжсан хор нь юуны түрүүн зүрх судсанд муугаар нөлөөлнө. Гэх мэтээр хүний өвчин эмгэг зарим тохиолдолд 100 хувь сэтгэл санаанаас болж үүсдэг ажээ... Энд туйлын үнэн, бас ор тас үгүйсгэл байхгүй. Гэхдээ нэг зүйл үнэн.
Маш их хар энерги, өвчний үндсийг та бид өөртөө үзэн ядалт гомдолтоор бий болгож байдаг нь үнэн. Тийм болохоор аливаа үйлд, хэн нэгнийг уучлах, эргүүлээд өршөөх энэрэх гэдэг өөрийгөө ирээдүйн тамд унахаас өршөөж байгаа хэрэг гэж ойлгосноо хуваалцан энд буулгалаа.
Бусдыг танд муу зүйл хийсэн ч, гомдоосон ч өршөөж уучилж байгтун. Энэ нь хэтдээ тохиож болох үйлийн тамаас Өөрийгөө өршөөж байгаа хэрэг.
П.Баярхүү /тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ