Д.Жонстон: Монголчууд Канадын сайн түншлэгч байж ирсэн
Манай улсад төрийн айлчлал хийж байгаа Канад улсын амбан захирагч Дэвид Жонстон УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан дээр үг хэлсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх үеэр болж байгаагаараа онцлог юм. Дөчин жил гэдэг бол маш чухал, үнэхээр тэмдэглүүштэй ой мөн билээ. Өнгөрсөн 40 жилд манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж ирснийг цохон тэмдэглэхийн ялдамд Монголын ард түмэн Канад Улсын дотны анд, сайн түншлэгч байж ирсэнд талархлаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү.
Бидний харилцаа ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг дээдлэх нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байдаг. Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжиж ирэхийн зэрэгцээ өнөөдөр бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж ирж байна.
Бидний холбоо эдийн засгийн харилцааны нэгэн чавхдасаас олон салбар хамарсан хоёр талт гэрээ хэлэлцээр болон олон улсын байгууллагууд дахь хамтын гишүүнчлэлээр баяжиж ирлээ. Өнөөдөр бид ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах, бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлыг хангах тал дээр түншлэн ажиллаж байна. Бидний холбоо харилцаа ийнхүү өргөжин, хөгжиж байгаад би баяртай байна. Учир нь энэ нь бидний түншлэл улам боловсронгуй болж буйг илтгэж байна. Таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Канадын Элчин сайдын яамыг нээсэн нь бидний холбоо гүнзгийрснийг илтгэсэн томоохон алхам болсон бол одоо бидний харилцаа цэцэглэн өрнөж байна гэж дүгнэх бүрэн боломжтой байна. Бид дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэх зуур хүрсэн амжилтаа эргэн харж, түншлэлээ бэхжүүлэн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шинэ, шинэ боломжийг алдахгүй ажиллах хүсэл эрмэлзлээ бататгая” хэмээн онцолсон.
Канад улсын амбан захирагч Дэвид Жонстоны манай улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ