Францтай визнээс харилцан чөлөөлнө
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны сайд нар өнөөдөр ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд баримт бичигт гарын үсэг зурлаа.
Баримт бичгийн хүрээнд “Дипломт паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэ хэлэлцээрээр дипломат паспорт бүхий иргэд албан ажлаар болон хувийн хэргээр зургаан хүртэлх сарын хугацаанд хэсэгчлэн эсхүл 90 хүртэл хоног харилцан визгүйгээр зорчих юм байна. Хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан бөгөөд хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс 30 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Ингэснээр Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Францтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх дорвитой алхам болно гэж үзжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ