Ө.Энхтүвшин: Нам хуваагдсан нь ялагдалд хүргэсэн
МАН-ын XXVII их хурлаар намын дарга Ө.Энхтүвшин илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ “МАН-ын 230 шахам мянган гишүүнийг төлөөлж сонгогдон тэднийхээ итгэл сэтгэлээр жигүүрлэн Их хуралдаа ирсэн төлөөлөгч нөхөддөө чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт хүсье!
1
МАН-ын 27 дугаар Их хурал 10 дугаар сарын 27 буюу арвидах барилдлагатай бар өдөр нээгдэж байна. Хамгийн гол нь, эдүгээгээс 52 жилийн тэртээх намрын энэ өдөр Монгол Улсын бие даасан бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нью-Йоркийн тэнгэрт БНМАУ-ын төрийн далбааг намируулсан түүхтэй юм. Ардын намыг үүсгэн байгуулж эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, амьдралаа золиослон тэмцэж өнөөгийн цаг үетэй золгуулж өгсөн анхны долоон хувьсгалч, тэднээс ялалтын бамбарыг шилжүүлэн авч дараа, дараагийнхандаа нэр төртэйгөөр өртөөлөн хүргэсэн үе үеийн эх орончид, энэ намын цаг, цагийн удирдлага, ахмад үеийнхнийхээ алдар гавьяаг гүнээ хүндэтгэж бахархан тэмдэглэж байна гэлээ. Түүний илтгэл алдаа оноогоо дэслэх нь, Монголын нийгмийн өнөөгийн байдал, намын шинэчлэл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байв.
1
МАН-ын XXVI Их хурлаас хойш яг З жилийн болж байгаа. Тус намын хувьд алдаа оноогоо дэнслэн дүгнэх нь амаргүй гэж намын дарга үгэндээ онцоллоо. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН-тай Засгийн эрх барьж байхдаа “Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулан, түүний үр шимийг ард иргэддээ хүртээсэн, Атрын III аяныг амжилттай өрнүүлж гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангасан, “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж малын тоо толгойг зарим жилд 50 шахам саяд хүргэсэн, оюутнуудыг үндэсний тэтгэлэгтэй болгосон, олон аймгийг нийслэлтэй авто замаар холбох ажлыг шинээр эхлүүлж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлсэн, ялангуяа орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан иргэдээ онцгой анхаарсан зэрэг бодитой ажлуудыг хийж, чамлахааргүй үр дүн гаргасныг хэн ч үгүйсгэж чадахгүй” хэмээн дүгнэлээ. Харин өнгөрсөн сонгуулиадад амжилтгүй оролцсон шалгаанаа дэмжигчдийн санал хоёр намд хуваагдсан, намын дотоод эв нэгдэл суларсан, гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлж чадаагүй, НАШБ-уудаа түшиж ажиллах талаар олигтой анхаараагүй, “ерөнхийдөө л болох байх, наанадаж хамтарсан Засгийн газар дахин байгуулагдана” гэж тооцоолж тайвширсан, Засгийн газраас хэрэгжүүлсэн ахицтай ажлуудыг ард түмэн ойлгож, бүрэн дүүрэн байгаа мэтээр төсөөлж сурталчилгааг алгуурласан, сөрөг хүчнээ дутуу үнэлсэн, улс төрийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн, сонгуультнууд маань сэтгэлээ жигд өгч зүтгээгүй, нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо дутуу тооцсон, намын гишүүдээс сонгуулийн өмнө ирүүлсэн санал, судалгаанд ач холбогдол өгөөгүй, хүн амын олонх болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтрээгүй, сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул байсан, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологийг эзэмших тал дээр хоцрогдсон зэрэг шалтгаануудыг онцоллоо.
1
МАН-ын шинэчлэлийн асуудалд Онц Их хурлаас хойших намын бүх Их, Бага хурлаар тасралтгүй авч хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргасаар иржээ.
“Шинэчлэл бол тодорхой хэсэг хугацаанд хэдэн том өөрчлөлтийг ганц хоёрхон далайлтаар хийгээд дуусдаг ажил биш. Харин, улс төрийн нам оршин байгаа бүхий л үед үргэлжлэх тасралтгүй үйл явц гэж ойлгож байна. Тиймээс шинэчлэл гэхээр л нам ялагдсан юм уу эсхүл хямарсан үед хийдэг зүйл мэтээр ярих нь утга учир муутай. Тасралтгүй шинэчлэл бол аливаа байгууллагын, түүний дотор улс төрийн намын оршин тогтнох үндэс мөн байна” гэдгийг илтгэлд дурдлаа.
1
Ганц суудал аваад ирсэн боловч, түүнээсээ хэд дахин
илүү хор уршиг тарьж яваа этгээд олон байна
1
Намын даргын илтгэлд намын шинэчлэлийг гишүүдээсээ эхлэх ёстой гэсэн байр суурь тавигдаж байлаа. Тус намд “хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь тогтоогоогүй бол ...” гэж хаацайлдаг арга барилаасаа татгалзах цаг болжээ. Намын буянаар сонгогдож, томилогдсон хариуцлагатнууд ч алдаа хийсэн бол түүнээ шударгаар хүлээж, шаардлагатай бол, бүр огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ хэн нэгнээр шахуулж шаардуулалгүй гаргаж сурах нь энэ намд улс төрийн өндөр соёл дэлгэрч, сайн цаг ирж байгаагийн илэрхийлэл гэж олон түмэнд ойлгогдоно.Улмаар “Авлигын эсрэг Ардын нам” гэсэн бие даасан хөтөлбөр гаргаж, намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эгүүлэн татах тогтолцоо, механизмыг бүрдүүлж өгөх болно. Сүүлийн үед манай намын гишүүдээс “тоглоомынхоо дүрэм”-ийг тодорхой болгоё гэсэн саналыг хэлж, янз бүрийн хувилбарыг дэвшүүлж байгаа. Өнгөрсөн зун үүссэн шинэчлэлийн хороо, хөдөлгөөнийхэн “намаа нээлттэй фракцын зарчимд шилжүүлье” гэсэн санал гаргасан. Тэд үүнийгээ “намын одоогийн дүрмээр зөвшөөрөгдсөн жигүүр бол ондоо зүйл, бид чухамхүү фракцыг л хэлээд байгаа юм шүү” гэж тодотгож байгаа. Энэ хувилбар нь эрх мэдэл, албан тушаалын томилгоог фракциудад хуваарилж байгаа өнөөгийн Ардчилсан намын зарчим, зохион байгуулалттай үндсэндээ адил бололтой. II сард дэмжигчиддээ бичсэн захидалдаа би Намын даргын хувьд, үүнийг зөвшөөрч чадахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Одоо ч тийм бодолтой байна. “Надаас хойш галав юүлсэн ч яахав” гэх маягтай хандаж би чадахгүй. Учир нь, манай нам Ардчилсан нам шиг улс төрийн 10 шахам хүчний нэгдэл биш юм. Энэ том нам олон фракцад хуваагдах юм бол, үр дүн нь сайнаар төгсөнө гэж огтхон ч төсөөлөхгүй байна. Сүүлийн үед эрх баригч хүчний дотроос “... олон фракц хортой юм байна. Жигүүр бол харин байж болно” гэж яриад сүрхий хөдөлцгөөж байгаа бололтой. Гэтэл манай нөхөд нөгөө талаас нь асуудал хөндөж байгаа.
1
Өнгөрсөн жил аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа “ер нь суудал аваад ирэх боломжтой хүн байвал дэвшүүлчихье гэж зарим нэр дэвшигчдэд хандсан нь тэр бүр зөв биш байжээ гэж дараа нь бидэнд ойлгогдсон. Яахав, ганц суудал аваад ирсэн боловч, түүнээсээ хэд дахин илүү хор уршиг тарьж яваа этгээд олон байна” гэдгийг намын даргын илтгэлдээ онцлон дурдаж байлаа.
1
Шинэ Бага хурлаас гаргах боловсон хүчний дүрэм, журамд намын олон түмний хэлээд байгаа дараах асуудлуудыг бас тусгаж журамлах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд бүх сул орон тоо, тавигдах шалгуур, болон хэнийг яаж томилсон тухай мэдээллийг бүхэлд нь нээлттэй, ил тод болгох, боловсон хүчнийг аль болох шударга сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх, албан тушаалд дэвшүүлэхдээ мэдлэг, боловсрол, туршлага, улс төрийн ноён нуруу, шударга чанар, мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс гадна өмнө дурьдсан орчин цагийн шинэ шаардлага шалгуурыг гол болгодог байх, найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсоох, түүнд тавих хяналтыг чангатгах, томилоод зөнд нь орхих биш, ажилд нь тусалж байнга үнэлгээ өгч, түүнээ олон нийтэд мэдээлдэг журам тогтоох зэрэг заалтыг багтаажээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ