Эдийн засгийг солонгоруулахад тод шар өнгийг нэмнэ
Франц улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд хийгдсэн томоохон “МОН-АТОМ”, “АРЕВА” компанийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ. “АРЕВА” нь манай улс дахь уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр “АРЕВА Майнс” хамтарсан компанийг байгуулахаар талууд гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “АРЕВА” 66 хувийг, “МОН-АТОМ” 34 хувийг эзэмших юм байна. Түүнчлэн энэ төсөлд “Мицубиши” компани оролцож байгаа юм. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Францын Гадаад хэргийн сайд Лорен Фабиус, “АРЕВА” группын Ерөнхийлөгч Люк Урсел, “Мицубиши” корпорацийн Ерөнхийлөгч Кен Кобаяаши нар оролцлоо.
.
Францын Гадаад хэргийн сайд Лорен Фабиус “Хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд маш үр өгөөжтэй гэрээ юм. Гэрээнд гарын үсэг зурсан компаниудын ажилд амжилт хүсье. Монгол Франц хоёрын хамтын ажиллагаа улам бүр гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
:
Европ, Азитай Монголын харилцааг өндөр төвшинд аваачих эхлэл
.
Цөмийн энергийн газрын дарга Тэгшбаяр: -Япон, Франц улс бол цөмийн энергийн салбарт тэргүүлэгч байдаг. Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн тэргүүлэгч компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулна гэдэг бол Монгол Улсад стратегийн талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч хамгийн их ач холбогдолтой. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг кг шар нутаг 80 орчим ам.долларын үнэтэй хэлбэлзэж байна. Харин бид нэг тонн коксжих нүүрсийг 50 орчим ам.долларын үнээр зарж чадахгүй байгаа энэ үед гэрээ байгуулсан нь эдийн засгийн талдаа маш их ач холбогдолтой юм. Энэ төслийн гэрээгээр Европ, Азийн улсуудтай Монгол Улсыг харьцах харилцааг өндөр төвшинд аваачих том эхлэл гэж бодож байна.
.
“АРЕВА Майнг” төслийг Дулаан Уул, Зөөвч Овоод төвлөрүүлнэ
_
“МОН-АТОМ” компанийн захирал н.Билэгсайхан: -Монгол Улс ураныхаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд сүүлийн жилүүдэд ихээхэн ач холбогдол өгч ирлээ. Энэ ажил нь төр, засгийн бодлогод туссаар ирсэн билээ. Одоогоор олон жилийн судалгааны явцад тогтоогдон, улсын нөөцөд албан ёсоор бүртгэгдсэн 100 гаруй мянган тонн нөөцийг 1,5 саяд хүргэхээр бэлтгэж байна. Энэхүү нөөц баялгаа өндөр технологи эзэмшсэн, туршлагатай хөрөнгө оруулагчидтай хамтран, хариуцлагатай, хүрээлэн буй орчинд ээлтэй, ард иргэдэд нээлттэйгээр олборлон боловсруулж, ураны буюу шар нунтгийг дэлхийн зах зээлд гаргах эхлэлийг өнөөдөр тавилаа. Энэ үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдалд эергээр нөлөөлөх хүчин зүйл болно. Манай гурав дахь хөрш болох Франц, Япон улсын хийж буй хөрөнгө оруулалт нь эдийн засагт олон орны ашиг сонирхлыг бий болгох, гадаад бодлогын зорилтот хөтөлбөртэй бүрэн нийцэж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн улс орны хөгжлийн олон талт бүтцийг бий болгож, эдийн засгийг солонгоруулах бодлогод манай хамтарсан компани тод шар өнгийг нэмж, өөрсдийн хувь нэмрийг оруулах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой зүйл хэмээн манай компанийн зүгээс үзэж байна. Шинээр байгуулагдсан “АРЕВА Майнг” компани нь төслийн үйл ажиллагааг Дулаан Уул болон Зөөвч Овоод төвлөрүүлэн ажиллах бөгөөд энэ талаар туршлагатай, “АРЕВА” групп удирдан зохион байгуулж, Японы өндөр технологи бүхий “Мицубиши” компани хамтран оролцож байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын стандарт, технологийн дэвшлийг хэрэглэх боломжийг бүрдүүлж, байгальд ээлтэй, аюулгүй чанарыг хангаж байгаа юм.
.
Монголын хувьд томоохон боломж
.
“АРЕВА” группын Ерөнхийлөгч Люк Урсел: -Энэ компани байгуулагдаж байгаад би сэтгэл хангалуун байна. Монгол Улсын төр ураны хэтийн төлөв сайтай төсөлд оролцож буйгийн илэрхийлэл юм. Бид бүхэн 15 жил гаруйн тэртээгээс Монгол Улстай бий болгосон итгэлцийн харилцааг дахин баталгаажуулж байна. Цөмийн энергийн салбарт эрчим хүч нийлүүлэг “АРЕВА” төрийн өмчит групп нь Монгол Улсад өөрийн охин компани болох “Coligobi”-оор төлөөлүүлэн өөрийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ үеэс эхлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, чанд горимыг мөрдөн хайгуулын ажлыг гүйцэтгэж ирсэн юм. Эдгээр ажлын үр дүнд “АРЕВА”-гийн геологичид Дулаан Уулын ордыг 2002, Зөөвч Овоогийн ордыг 2009 онд илрүүлсэн. Маш богино хугацаанд илрүүлсэн Зөөвч Овоогийн орд нь 50 мянган тонн нөөцтэй. Сүүлийн 20 жилд илрүүлсэн ураны хамгийн том ордуудын нэгд тооцогдно. Энэ нь Монгол Улсын хувьд томоохон боломж юм. 2009 онд “АРЕВА” компани Цөмийн энергийн газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тэр жилдээ Монгол Улс ураны салбар дахь уул уурхайн төсөлд оролцохын тулд “МОН-АТОМ” компанийг байгуулсан. Энэ үеэс Монгол түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна. “Мицубиши” групптай түншлэлийн харилцаа үүссэнд талархаж байна. АРЕВА” групп байгаль орчинд ээлтэй, өндөр шаардлагаар үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн аль ч улсад манай группын нэн тэргүүний зорилт нь байгаль орчныг хамгаалах явдал юм. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэх нөлөөллийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсад хайгуулын ажиллагааг явуулахдаа хөрс, ус, агаар, ургамал, амьтны аймагт тогтмол хяналт хийх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Бид дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулахдаа ил тод байдлыг чандлан сахидаг. “АРЕВА” нь өөрийн уул уурхайн үйл ажиллагаагаар орон нутгийн иргэдэд үйлдвэрлэлийн ур чадварыг эзэмшүүлэн, шинэ ажлын байр бий болгодог. Жишээ нь, бид 2004 оноос хойш өнчин хүүхдийн асрах газар тусламж үзүүлж байгаа. Орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа ч явуулж байна.
.
Маркетингийн салбарт хувь нэмрээ оруулна
.
“Мицубиши” корпорацийн Ерөнхийлөгч Кен Кобаяаши: -Монгол Улсын цаашдын хөгжил хувь нэмэр оруулахаар төслийн хамтрагч болсондоо бахархаж байна. Манай корпораци 90 гаруй улсад 200 гаруй салбар нэгжтэй. Энэ төсөлд тус нэмэр болж, ялангуяа маркетингийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ