“Чанаргүй” гишүүдийг чангатгана
МАН-ын XXVII их хурлын салбар хуралдаанаар үргэлжилж байна. Салбар хуралдаанаар намын дүрэм өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажилласан байна. Ажлын хэсэг намын дүрэмд нийтдээ 106 санал оруулжээ. Сөрөг хүчний байр сууринд шилжсэн энэ үед ажлын арга барил, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Намын дүрэмд өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг гишүүдээсээ эхлэхээр болжээ. Гишүүн төвтэй нам болох аж. Тиймээс чанаргүй буюу намын батлахтай ч үүргээ хэрэгжүүлдэггүй гишүүдэд хариуцлага тооцох юм байна. Намын бага хурлын гишүүддаа хариуцлага тооцдог байх аж. Дээр нь намын санхүүжилтийн хороотой байхаар дүрмийн төсөлд тусгасан байна. Намын гишүүддээ тулгуурлаад анхан шатны байгууллагаа бэхжүүлэхээр болжээ. Түүнчлэн намын Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг 28, Хяналтын хорооны 23 гишүүнийг 15, Бага хурлын 310 гишүүнийг 250-аас хэтрүүлэхгүй байхаар болсон байна. Цаашлаад намын экс дарга нарынхаа хүчийг ч ашиглахаар болж, зөвлөл байгуулах юм байна. МАН-ын даргын дэргэд энэ зөвлөл байнгын бус ажиллагаатай байх гэнэ. Намын сөрөг хүчин байх үед намын дарга нь Удирдах зөвлөлийг удирддаг байхаар зохицуулалт оруулж байгаа аж. Ийнхүү их хурлын төлөөлөгчид намын дүрмийн асуудлаа саналаа хэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ