БНСУ-д Монголын жилийг тэмдэглэнэ

img

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2011 онд БНСУ-д Монголын жилийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулан байгууллаа. Монголын жил нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлах чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монголын жилийн нээлт, соёлын өдрүүд, эрдэм шинжилгээний бага хурал, хөрөнгө оруулагчдын форум, хүүхэд, залуучуудын солилцоо, аялал жуулчлалын үзэсгэлэн, дурсгалын марк гаргах зэрэг олон арга хэмжээ зохиох юм. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд энэ онд БНСУ-ын жилийг манай улс амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар илгээлт солилцож, боловсрол, соёлын 16 хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурал, эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хурал, мод тарих аян, эмч нарын үнэ төлбөргүй үзлэг-оношлогоо, хүүхэд, залуучуудын солилцоо зэрэг 24 арга хэмжээг зохиожээ. БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, сурч, амьдардаг гэсэн тоо бий. Тус улсаас манай улсад жилд 40 гаруй мянган хүн жуулчилдаг бөгөөд энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна. Манай хоёр орны худалдааны нийт хэмжээ 170 сая ам доллар, БНСУ-ын хөрөнгө оруулалт 31 сая ам доллар болсон нь хэмжээгээрээ гуравт ордог. Үүнээс гадна  төр, хувийн хэвшил, иргэдийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаа юм. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ