СЕХ-г үүргээ гүйцэтгэсэн гэжээ
Энэ сарын 17-нд Австрийн Вена хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Байнгын зөвлөлийн 967 дугаар хуралдаанаар өнгөрөгч зургаадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тус байгууллагын сонгууль ажиглах хорооны эцсийн тайланг хэлэлцжээ. Тайлантай холбогдуулан Монгол Улсын төлөөлөгч Элчин сайд Г.Батжаргал, түүнчлэн АНУ, санаа нэгт орнуудын бүлгийг төлөөлж Швейцар Улсын төлөөлөгчид тус тус үг хэлсэн байна. АНУ-ын Байнгын төлөөлөгч Даниел Баэр хэлсэн үгэндээ, энэ удаагийн сонгуулийн ирц өндөр, ямарваа нэгэн будлиан, маргаангуй, шударга болсон нь Монгол Улс чөлөөт, шударга сонгууль явуулах ардчиллын зарчмыг үргэлжлүүлэн хөгжүүлж буйн тод илрэл гэж тэмдэглэжээ. Швейцарийн Байнгын төлөөлөгч Томас Гремингер, “Санаа нэгт орнуудын бүлэг” болох Канад, Исланд, Норвеги, Лихтенштейн Улсыг төлөөлөн хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан Монгол Улсад баяр хүргэж, өнгөрсөн жил ЕАБХАБ-д нэгдсэн энэ шинэ улс байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагийн нэг илрэл нь энэ удаагийн сонгууль ил тод, шударга уур амьсгалд болсон явдал бөгөөд үүнийг АИХЭА-ны тайлан баталгаажуулсан гэдгийг тэмдэглэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ