Нисэх-Шувуун фабрик хүртэлх автозамын нээлт боллоо
Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт автозамын өргөтгөлийн суурь хучилт дуусч, өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Өмнө нь Нисэхийн товчооноос Био комбинат хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч, бужигнасан тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан.Тиймээс уг замыг засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны дөрөвдүгээр сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ.
Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Био комбинатыг бид нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Жаран мянган хүн ам оршин суух дагуул хотыг бий болгоход дэд бүтэц, тэр дундаа автозам хамгийн чухал. Шинэ замтай болсноор нийтийн тээврийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх болно” гэдгийг онцоллоо.Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ