Зүүн хойд Азийн эдийн засгийн форум маргааш эхэлнэ

img

  Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум энэ сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохиогдох “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зорилго нь зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад орших аж.

Энэхүү чуулга уулзалтад Монгол улсын Сангийн дэд сайд С.Пүрэв, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг-Сү, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павел Королев, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга Юн Зүнгхуа, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч Рената Лок-Дессаллиен, БНСУ, БНХАУ-ын Экспорт-Импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэкономбанк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцоно.

Энэ удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалтаар гишүүн орнууд Зүүн хойд Азийн бүс нутгийн түншлэлийг идэвхижүүлэх, Их түмэн санаачилга хөтөлбөрийн цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбаруудад гишүүн орнуудад харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх замаар бүс нутагт эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, тогтвортой хөгжлийг дэмжих талаар санал бодлоо солилцож, Улаанбаатарын тунхаглалыг батлана.

Зүүн хойд Азийн тээврийн нэгдсэн сүлжээний зураглалыг энэ удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалтаар танилцуулж баталлаа. Бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Сайншанд-Баруун Урт-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам болон Улаанбаатар-Өндөрхаан-Баруун Урт-Бичигт чиглэлийн автозамыг оруулан батлуулах болно.

Их түмэн санаачилга хөтөлбөрийн энэ жилийн уулзалтын нэгэн онцлог нь БНСУ, БНХАУ-ын Экспорт-импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэкономбанкны хамтын ажиллагааны “Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо”-г байгуулж, анхны хамтарсан хуралдааныг зохион байгуулсан явдал юм. Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо нь бүс нутаг дахь эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг санхүүжүүлж Их түмэн санаачилга хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай хамтран ажиллах юм.

Их түмэн санаачилга хөтөлбөр нь НҮБ-ын тусгай хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгждэг бөгөөд цаашид гишүүн орнуудын хувь оролцоонд үндэслэсэн бие даасан олон улсын байгууллага болгох талаар ИТС-ын гишүүн орны Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцлээ.

Дараагийн Зөвлөлдөх хорооны чуулга уулзалт 2014 онд БНХАУ-д зохион байгуулагдана.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ