Ерөнхий сайд нүүрсний зах зээлийг “аврав”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлаад ирлээ. Энэхүү айлчлалыг Монголын уул уурхайн салбарынхан болон экспортлогчид маш удаан хүлээсэн гэхэд болно. Үндсэндээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаад худалдаа алдагдал хүлээж эхлэх тэр үед л Ерөнхий сайд урд хөршийг зорих ёстой байсан гэх шүүмжлэл өрнөж байсан. Ямартай ч бага зэрэг хожимдсон ч гэсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн урд хөршийг зорьсон. Ингээд айлчлалаас ямар “бэлэг”-тэй ирэх бол хэмээн экспортлогчид горьдлого тээсэн харцаар харж байсан юм. Ерөнхий сайд ч энэ сарын 26-нд эх орондоо ирлээ. Аяны богц дүүрэн иржээ. Айлчлалын хүрээнд хийсэн ажлууд, гэрээнүүд хэрвээ ажил хэрэг болбол цаашдаа Монголын нүүрсний зах зээл сэргэх нь дамжиггүй боллоо. Ирэх 20 жилийн хугацаанд Монголын компаниуд хэрвээ өөрсдөө хичээж чадвал урд хөршид нэг тэрбум тонн нүүрс экспортлох боломж нээгдэж байна. Магадгүй үүнийг л нүүрс экспортлогчид хүсэн хүлээж байсан биз ээ.
5
Манай улсын төсөв уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай болсныг өнөөдөр хэн ч хүлээн зөвшөөрнө. Энэ онд 31 сая тонн нүүрс экспортлох зорилготой байсан ч дөнгөж л 12 орчим сая тонн нүүрс экспортолж байна. Үүнтэй холбоотойгоор төсөв маш их хэмжээний алдагдал хүлээж, тодотгол хийлээ. Ирэх оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 30 сая тонн байхаар төсөөлсөн. Гэхдээ л урд хөршөөс тогтвортой, найдвартай худалдан авалтаа үргэлжлүүлэх үү, үгүй юу гэх асуулт гарч ирж байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улс хэчнээн зорилт дэвшүүлээд, зах зээл маань зөвхөн БНХАУ учраас энэ улсын зах зээл, улс төр, эдийн засгийн бодлого тогтвортой байх нь хамгийн чухал асуудал. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ямартай ч ирэх 20 жилийн хугацаанд манай улсын нүүрс найдвартай худалдан авагчтай байх нөхцөлийг бүрдүүлэв. Яах аргагүй сайхан мэдээ. Илүү тодруулъя. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд манай улсын экспортлогч компаниудын төлөөлөл буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-тай хамтран “Шинхуа Энержи” компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Ингэснээр дээрх хоёр компаниас гадна “МАК”, “Саус Гоби Сэндс” зэрэг томоохон нүүрс экспортлогч компаниуд “Шинхуа Энержи”-д нүүрс экспортлох боломж бүрдэж байгаа юм.
5
Түүнчлэн Хятадын Газрын тос-химийн корпораци, Монгол Улсын Уул уурхайн яам хамтран Монгол дахь хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, Хятадын зах зээлд борлуулах асуудлаар санамж бичиг байгуулсан. Энэхүү үйлдвэр жилд тэрбум ам.долларын өртөг бүхий хүрэн нүүрс ашиглан 15 тэрбум шоо дөрвөлжин метр шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэсэн ерөнхий төсөөлөл байгаа аж. Үйлдвэр байгуулагдвал нийтдээ 20 орчим мянган хүнийг ажлын байраар хангах тооцоо байгаа юм байна. Үйлдвэрээсээ гадна түүний салбар аж ахуйн нэгжүүдэд дээрх тооны ажлын байр бий болох нь. Үүнээс гадна Замын-Үүд дэх шингэн түлш ачих, буулгах төхөөрөмжийг өргөтгөснөөр нийт газрын тосны хэрэгцээний 50 орчим хувийг урд хөршөөс хангах боломжийг бүрдүүлэх, тэр дундаа Мон-93 автобензиний экспортыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажлыг гүйцэтгэх засаглалын тэргүүн амжуулжээ.
5
Ямартай ч гүйцэтгэх засаглалын тэргүүн урд хөршид ажиллах үеэрээ ийнхүү нүүрсний салбарт чиглэсэн олон томоохон баримт, бичгийг үзэглэв. Цаашид ажил хэрэг болгох, эсвэл энэхүү гэрээ хэлцлийн хүрээнд ахиу нүүрс экспортолж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь зөвхөн хувийн хэвшлийнхнээс хамаарах учиртай. Нүүрсний салбарт ажиллагсад “Энэ салбарт төрөөс анхаарахгүй байна” хэмээн олон жилийн турш гомдоллож ирсэн. Тэгвэл энэ удаад төр нүүрсний салбарт маш том боломж гаргаж өглөө. Тийм учраас ирэх жил нүүрсний экспорт муудах, гацах, эсвэл нүүрсний компаниудын үйл ажиллагаа зогсох зэрэг асуудал үүсэхгүй биз ээ.
5
Л.Энхдэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ