Зангиагүй сайдын “зангиатай” уулзалт

img

 

БОНХ-ийн сайд С.Оюун зангиагүй уулзалт зохион байгуулсан. Зангиагүй сайдын сэтгүүлчидтэй хийсэн уулзалт албаны маягтай өрнөлөө. Уулзалтаар яамны хийсэн ажлуудаа багцлан танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм. Манайд өнөөдөр улс төр, эдийн засгаас илүүтэй байгаль орчны асуудал хурцаар тавигдахад хүрсэн. Тиймээс ч энэ яамны гүйцэтгэх үүрэг их байх учиртай.

_

45,000 ширхэг сайжруулсан зуух тараана

Ази тивийн ихэнх орнуудад хаягдал бүтээгдэхүүн, хогийг шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол их. Харин манайх хуурай цаг агаартай учраас гадаргуугийн тоосжилт ихтэй. Мөн дээр нь  өвлийн улиралд агаарын бохирдол ямар хэмжээнд хүрдэг вэ гэдгийг бид мэднэ. Энэ чиглэлээр хийж байгаа ажлуудыг уулзалтаар тайлагнасан юм. Арга хэмжээ авснаас хойш агаарыг бохирдуулдаг хүхэрлэг хийн дундаж агууламж 20,1-аар, том ширхэглэлт тоосонцорын дундаж агууламж 29,5 хувиар багассан гэсэн албаны мэдээг өгч байна. 2011-2013 онд утаагүй зууханд зориулан 16,2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин ирж буй өвөлд бэлтгэн 45 мянган ширхэг зуухыг 91 хувийг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд тараах гэнэ. Шат дараагаар ажилласаар ирэх жилийн тавдугаар сар гэхэд гэр хорооллын нийт өрхийн 95 хувийг сайжруулсан буюу утаа бага гаргадаг зуухаар хангах нь.

.

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулиар хориглосон бүсэд байгаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрөл бүрийн нарийвчилсан судалгааг гаргасан байна. Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн цэг координат алдаатай, гадаргын усны сүлжээний зураг, ойн суурь зургийн мэдээллүүд хэтэрхий хуучирсан байсан зэргээс шалтгаалж зөрчлөөс хамаарч маргаантай асуудлууд гарсаар байж. Дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, ус сан бүхий газрын хамгаалалтын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг масштабын өндөр нарийвчлалтай байр зүйн болон хиймэл дагуулын тоон зурган мэдээллийг үндэслэн хянан сайжруулах ажлыг  зохион байгуулах шийдвэр гаргуулсан байна.

.

“Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль”-ийн найруулгын шинэчилсэн найруулгын төсөл

Холбогдох хуулиар бол дархан цаазат, байгалын цогцолборт газрын хамгаалалтын менежментийг төрөөс хариуцаж, 32 хамгаалалтын захиргааг байгуулан ажиллуулж байгаа. Нийт санхүүжилтын 95 орчим хувь нь зөвхөн ажилчдын цалин, бусад урсгал зардалд зарцуулагддаг. Тэгэхээр гол үйл ажиллагаанд төсөв үнэхээр дутагдалтай байгаа нь тодорхой. Байгалын нөөц, дурсгалт 47 газрын хамгаалалтыг орон нутгийн захиргаа хариуцдаг ч  хамгаалалт туйлын хангалтгүй нэр төдий байгаа юм. Мөн амрах зугаалахад зориулсан дэд бүтэц байхгүй зэргийг үндэслээд “ТХГН-ийн тухай”, “ТХНГ-ийн орчны бүсийн тухай” хуулийг нэгтгэж, хуулийн төслийг шинээр боловсруулжээ.

.

Туул голын сав газар хамгийн өндөр төлбөртэй

Усны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Усны үрэлгэн хэрэглээг өөрчилж зүй зохистой хэрэглэх, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулалт хийх, усыг хэмнэлттэй ашиглах.

Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлд төлбөрийн хэмжээ харьцангүй өндөр болсон. Гэхдээ энэ нь дэлхийн дундаж хэмжээтэй ажил гэдгийг хэлж байна. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа үйлдвэр аж ахуй нэгжид ногдох усны нөөц ашигласны төлбөрийг усны үйлчилгээний үнэтэй харьцуулж үзэхэд хамгийн өндөр нь Туул голын сав газарт хамгийн өндөр байгаа.

.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ