Цаазын ялыг сэргээх үү?

Хэд хэдэн эмгэнэлт мэдээ нийгмийг донсолгов.
...16 настай охины амь насыг хөнөөж, цогцсыг нь чемоданд хийв,
32 настай эмэгтэйг хүчирхийлж улмаар амь насыг нь хөнөөн цогцсыг нь скочдоод хувцасны шүүгээнд хийжээ,
Эхнэрээ 38 удаа хутгалж амь насыг нь хөнөөв...
Энэ мэтчилэн сүүлийн үед нийгмийг цочроосон, хүний ой тоонд багтамгүй бусармаг хэргүүдтэй холбоотой мэдээлэл олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Үүнтэй зэрэгцэн иргэдийн зүгээс гэм буруутай этгээдүүдэд хамгийн хатуу шийтгэл оногдуулахыг шаардах хандлага эрс нэмэгдлээ.
Нийгмийн энэ захиалгыг нэр бүхий зарим УИХ-ын гишүүн, улс төрч, бүр өмгөөлөгч нар дэмжиж, цаазын ялыг сэргээх тухай ил тод байр суурь илэрхийлж буй нь анхаарал татав.
Монгол Улсад 1988-2005 оны хооронд 800 гаруй хүнд цаазын ял оноож байсан баримт бий.
Харин 2010 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрээр гүйцэтгэлийг нь зогсоож, улмаар 2012 онд НҮБ-ын "Цаазаар авах ялыг халах тухай" хоёрдугаар нэмэлт протоколд нэгдсэн. Ингэснээр Монгол Улс энэхүү шийтгэлээс хуулийн болон ёс суртахууны хувьд татгалзсан билээ.
Гэвч нийгэмд гарч буй зарим гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг зэрлэг, хэрцгий хэргүүд нь иргэдийн уур хилэн, бухимдлыг дээд цэгт хүргэж, цаазын ялыг эргэн сэргээх талаар хөндөгдөж эхлээд байна.
Цаазын ял хэдийгээр гэмт хэрэгт хариу барих хамгийн “хатуу” хэлбэр мэт харагдавч, олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хуульчилсан аллага гэж үздэг.
2015 онд гэхэд НҮБ-ын гишүүн 193 орноос 169 улсад цаазын ялыг зогсоосон. 2022 оны байдлаар цаазын ялыг халсан орны тоо 108 болж өсжээ. Харин 28 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй байна. 8 улс тун онцгой тохиолдолд цаазын ялыг хэрэглэж буй. Хэдийгээр улс орнуудын олонх нь цаазын ялыг халсан ч дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь цаазаар авах ялыг хэрэглэдэг 56 улс оронд амьдарч байна. Хятад, Энэтхэг, Хойд Солонгос, АНУ-ын зарим муж, Индонез, Пакистан, Бангладеш, Нигери, Этиоп, Египет, Иран, Саудын Араб, Япон, БНСУ, Тайвань, Шри-Ланка зэрэг улсуудад цаазаар авах ялыг хуульдаа хадгалж зарим нь хэрэгжүүлж байна. Цаазын ял нь хүний амь насыг төрийн зүгээс албан ёсоор таслан зогсоох шийтгэл бөгөөд олон зуун жилийн туршид дэлхийн олон улс оронд хэрэглэгдэж ирсэн ял. Гэсэн хэдий ч 21-р зуунд хүний эрхийн хөгжил, шүүхийн алдаанаас үүдэх эрсдэл, энэрэнгүй ёс суртахууны үзэл санааны нөлөөгөөр дэлхий даяар цаазын ялыг халж буй хандлага давамгайлж буй. Манай улс ч тэдгээр орнуудын нэгд зүй ёсоор ордог.
Гэвч сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн эсрэг хүнд гэмт хэргүүд ихэссэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд "цаазын ялыг сэргээх нь зөв үү?" гэх асуудал дахин хүчтэй яригдаж эхэлсэн.
Манай редакц Монгол Улсад цаазын ялыг сэргээх асуудлыг олон улсын туршлага, хүний эрхийн зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөө зэрэг талаас нь шинжлэн, судалгаа, баримтад тулгуурлан дүгнэлт гаргахыг зорилоо.
Цаазын ял ба хүний эрх
Хүний эрхийн үндэсний болон олон улсын байгууллагууд цаазын ялыг хүний амьд явах эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007, 2008, 2010 онуудад баталсан тогтоолуудаараа гишүүн орнуудыг цаазын ялыг зогсоохыг уриалсан.
Олон улсын жишээ
Европын Холбоо: Цаазын ялыг бүрэн хориглосон. ЕХ-д элсэх шалгуурын нэг нь цаазын ялгүй байх.
Канад, Австрали, Өмнөд Африк: Хүний эрхийн үүднээс цаазын ялыг халсан бөгөөд дахин сэргээхийг хуулиар хориглосон.
Япон, АНУ: Цаазын ялыг хадгалж байгаа хэдий ч олон улсад хүчтэй шүүмжлэл дагуулсаар буй.
Иймд Монгол Улс 2017 онд цаазын ялыг халсан нь олон улсын хүний эрхийн зарчимд нийцсэн, улс орны гадаад имидж, гадаад харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн алхам байв.
Шүүхийн алдаа ба эргэж нөхөж болохгүй үр дагавар
Цаазын ялын хамгийн том асуудал бол шүүхийн алдаанаас үүдэн буруугүй хүнийг цаазаар авах нөхцөл байдал юм. Хожим нь нотолгоо гарсан ч амийг нь буцааж болдоггүй.
Баримт
АНУ-ын судалгаагаар 1973 оноос хойш 190 орчим хүнийг буруугүйд тооцож, цаазаар авахаас чөлөөлсөн байдаг.
Их Британи улс 1950-аад онд хоёр буруугүй хүнийг цаазалснаас хойш уг ялыг 1965 онд бүрэн халсан.
Монгол Улсад ч шүүхийн алдаа гарах тохиолдлууд гарсаар байгаа тул ийм нөхцөлд цаазын ял нь хамгийн эрсдэлтэй, эргэж нөхөх боломжгүй шийтгэл юм.
Цаазын ял гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй юу?
Цаазын ялыг дэмжигчид үүнийг гэмт хэрэгтнүүдийг айлгах, дахин үйлдэхээс сэргийлэх "хүчтэй хэрэгсэл" гэж үздэг. Гэвч олон улсын судалгаа үүнийг няцааж буй.
2009 онд АНУ-ын Үндэсний Судалгааны Зөвлөлөөс хийсэн судалгаагаар цаазын ял нь хүн амины гэмт хэргийн түвшинд тодорхой нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэсэн.
Цаазын ялтай улс орнуудын гэмт хэргийн түвшин цаазын ялгүй орнуудтай харьцуулахад илүү өндөр байх тохиолдол ч бий. Жишээ нь: Япон, АНУ-д бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг байсаар байна.
Олон нийтийн үзэл бодол ба улс төрийн нөлөө
Олон нийтийн дунд "цаазын ялыг сэргээх" уриа хүчтэй яригддаг ч энэ нь ихэнхдээ сэтгэл хөдлөлд тулгуурласан, тодорхой мэдээлэлгүй байдалтай холбоотой. Улс төрчид олон нийтийн дэмжлэг авах зорилгоор цаазын ялыг "шийдэл мэт" ашиглах хандлага дэлхийн олон оронд ажиглагддаг. Уг үзэгдэл манайд яг одоо хэрэгжиж байна.
Гэсэн ч бодлогын түвшинд төрийн шийдвэр нь зөвхөн олон нийтийн шахалтаар бус, үр нөлөө, хүний эрхийн зарчим, хууль зүйн бодит тооцоонд тулгуурласан байх ёстойг мартаж болохгүй.
Монгол Улсын хувьд гарц юу вэ?
Цаазын ялыг сэргээх нь,
Монгол Улсын НҮБ, ЕХ зэрэг олон улсын гэрээ, байгууллагад хүлээсэн үүргийг зөрчинө.
Шүүхийн алдаа гарвал эргэж нөхөж болохгүй.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үр дүн багатай.
Гадаад хөрөнгө оруулалт, олон улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй.
Тэгвэл,
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хатуу хорих ял, ялын хугацааг нэмэгдүүлэх /бүх насаар нь хорих г.м/
Сэтгэлзүйн болон зан үйлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах
Цагдаагийн байгууллагын чадавх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх
Хохирогчийн эрхийг хамгаалах, нөхөн төлбөрийн тогтолцоог бий болгох.
Цаазын ял нь сэтгэл ханамжийн “түр зуурын шийдэл” мэт боловч, төрийн үүрэг бол зөвхөн шийтгэх бус, урьдчилан сэргийлэх, хамгаалах, алдаагүй хэрэгжүүлэх бодлого билээ. Шүүхийн алдаа гарч болно. "Хэдий гэм бурууг шийтгэх нь зүй ёсны хэрэг ч, алдаатай шийтгэл хүний амь насаар хэмжигдэх ёсгүй."
Монгол Улс хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээх замдаа зогсолт хийх ёсгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ