Леди Гага: Эцэс төгсгөлгүй магтаал, алдар нэр заримдаа айдаст автуулдаг
Леди Гагаг поп дива Мадоннагийн замаар замнаж байгаа хэмээн ярих хүн олон. Этгээд гаж, сонин, содон санаа үргэлж толгойд нь эргэлдэж, элдэв янзын гоёл чимэглэл хэрэглэн, заримдаа олны өмнө нүцгэн гарч тэр бүү хэл түүхий махаар даашинз хийлгэн өмсөх зэргээр үргэлж хүмүүсийн нүдийг бүлтийлгэн гайхшруулдаг. Леди Гага-гийн “ELLE” сэтгүүлийн хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.
_

-Хүмүүсээс огт өөрөөр, тодорхой нэг хэв маягтайгаар биеэ авч явбал чиний юу хийж байгааг хүмүүс сонирхож эхэлдэг гэдгийг би ойлгосон. Өнөөгийн нөхцөлд ямар нэгэн этгээд гаж сонин хэв маяггүйгээр бусдын анхаарлыг өөртөө татах боломжгүй.
.
-Чиний жинхэнэ нэр бол Стефани Жерманотта, харин Леди Гага бол чиний бүтээсэн өөр нэгэн ертөнц?
-Би нэг л өдөр Леди Гагаг бий болгочихъё гэж шийдээгүй. Леди Гага бол миний мөн чанар юм. Хүмүүс үргэлж л миний гадаад төрх, ямар брэндийн хувцас өмсдөг талаар асуудаг. Харин би энэ талаар юу ярихаа ч мэдэхгүй. Ямар ч брэнд байхгүй. Зүгээр л ажлын хувцас. Би өөрийгөө хүмүүсийг сэргээж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг өглөөний цайны жүржийн шүүс гэж төсөөлдөг.
.
-Гаргаж байгаа ааш аяг, уран бүтээлийн замналыг чинь харахад залуу Мадонна болохыг маш их хүсч байгаа юм шиг харагдаад байдаг?
-“Муу зураачид хуулбарладаг, агуу зураачид хулгайлдаг” гэж Пабло Пикассо хэлсэн байдаг. Эндээс бүх зүйл ойлгомжтой, юу нэмэх юм бэ. Би Мадоннагаас үлгэр дууриал авдаг нь үнэн, гэхдээ хуулбарладаггүй.
.
-Ер нь өөрийгөө Парис Хилтонтой харьцуулснаас Мадоннатай харьцуулсан нь хамаагүй дээр байх л даа?
-Тэр үнэн шүү. Би Парис Хилтонтой хамт курст явж байсан. Миний бодлоор тэр бол уран бүтээлч биш. Мөн миний сурч байсан сургуульд Парис дүү Никитэйгээ хамт сурч байсан. Шашны сургууль байсан л даа. Зарим хүмүүжигчид нь урлагийн авъяастай, зарим нь хар тамхины донтой байдаг.
.
-Тэр үед чи олонд танил байсан уу?
-Би театр хөгжмийн студийн бяцхан оюутан байсан. Шаргал үстэй, энхрий ялдам охидтой зууралддаггүй байлаа. Би тэр үед одоогийнхоос 20 кг илүү жинтэй, хүрэн үстэй, онцгойроод байх юмгүй л нэгэн байсан. Намайг үеийнхэн маань шоолж инээлддэг байсан ч би урлагт зүтгэнэ гэсэн ганцхан хүсэлтэй байлаа. Тиймдээ ч хожим нь ямар ч эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр бааранд хагас нүцгэн бүжиглэж, зөөгч, дижейн ажлыг хослуулан хийдэг байсан. Би ямар нэгэн чөдөр тушаагүйгээр амьдарч, уран бүтээлээ туурвихыг хүссэн.
.
-Энэ бүхэнд гэр бүлийнхэн чинь хэрхэн ханддаг байсан бэ?
-За даа, энэ тухай дурсахгүй байсан нь дээр ч юм уу. Анх би жүжигт тоглож, хүнд металл дуулж байхад ээж намайг галзуурчихаж гэж бодсон. Харин аав надаас ичиж байлаа. Би чинь юу хийж байгаагаа ч ойлголгүй ердөө л зугаацаж байсан шүү дээ. Харин одоо бол би хэзээ ч аливаа зүйлийг хэтрүүлж байгаагүй гэдгээрээ бахархаж болно. Хамгийн гол нь хар тамхи бол гоц гойд байхад минь тусалсан зүйл минь.
.
-Олон уран бүтээлчид хар тамхи дутагддаг гэж ярьдаг?
-Хар тамхи дутагддаг гэж ярьж байгаа хүмүүс бол зүгээр л гутамшигтай. Гэхдээ би хар тамхи хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад хааяа орчингоос тусгаарлагдах хэрэг гардаг юм. Тэгээд л архи уугаад болохгүй бол шууд хар тамхи хэрэглэдэг. Тэгэхдээ хааяа даа шүү.
.
-Мөнгөнд хэр их ач холбогдол өгдөг вэ?
-Мөнгөнийхөө ихэнх хэсгийг хөгжимд зарцуулдаг. Миний цомог дээр ажиллаж байгаа студээс гэнэт л гайхамшиг ирнэ гэж хүлээж суудаг хүн би биш. Бүх мөнгөө эргэлтэд оруулдаг. Би өөрийнхөө шоуг өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлэх дуртай. Харин зүгээр л их мөнгө цуглуулаад мөнгөнийхөө хэмжээнээс таашаал аваад суух нь утгагүй хэрэг. Хүмүүс атаархлаасаа болоод ухаан солиорч, сүйрэл рүүгээ мөлхөж байна. Эргэн тойронд арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарч, улс төрчид цусны үнэрт улангасдаг араатан шиг дайнд тэмүүлээд л. Маргааш юу болохыг би мэдэхгүй, гэхдээ өнөөдрөөс сайжирна гэж бодохгүй байна. Мөнгөнд хүнийг үхүүлэх, амьдруулах ганцхан л хүч оршдог. Хүн алсан хүн бол алуурчин, тэд өөрсдийгөө мөнгөний боол болсноо мэдэхгүй тэгэж аашилдаг юм. Харин би бол мөнгийг захирагч нэгэн.
.

-Миний эцсийн зорилго бол Парисын Луврт Леди Гагагийн том үзэсгэлэн гаргах. Харин энэ зорилго биелвэл юунд тэмүүлэхээ мэдэхгүй болох байх. Би өнөөдрөөр амьдрахаас бас айж байна.
.
-Хьюстон чиний хувьд хамгийн агуу дуучин гэж сонсч байсан?
-Тэгэлгүй яах вэ. Түүний нас барсан талаарх мэдээг сонсоод би маш их цочирдсон. Би ерөөсөө ч итгэж чадахгүй байсан. Тэр бол миний шүтээн байсан. Миний өрөө хоёр давхарт байсан. Шатаар өгсөхөөс эхлээд л өрөөгөөр дүүрэн Хьюстоны зураг байдаг. Одоо ч байгаа. Өдөр бүр хичээлээ тарж ирчихээд Хьюстон шиг дуулж сурах гэж байнга сургуулилдаг байлаа. Бүх дууг нь сураад Хьюстоны нэг хувилбар болохыг хүсдэг байж билээ. Би хамгийн сүүлд Грэммиг авахдаа хэлж байсан даа. Би энэ зэргийн дуучин болж чадсандаа Хьюстонд талархаж явдаг. Түүний ачаар би энэ бүх шагналыг авсан гэж боддог. Намайг супер од болохыг тэр цаг үед түүнийг хажууд байж харсан ч болоосой. Намайг өөрт нь маш их хайртай, хүндэлдэг гэдгийг мэдэж байсан байх гэж найдаж байна. Тэр бол дэлхийн номер нэг дуучин. Түүнийг гүйцэх хоолой дараагийн зуунд л гарч ирэх байх. Архи уусан ч түүний гайхамшигт хоолой чихний минь дэргэд сонсогдсоор л байсан.
.
-Яг арван жилийн өмнө чи ямархуу охин байсан вэ?-Тэр үед би 18 настай байсан гэсэн үг. Орой гадагш гарахыг ээж аав зөвшөөрөхгүй болохоор хөгжмөө тоглоод л сууж байдаг байсан. Насанд хүрээгүй болохоор шүү дээ. Ээж аав маань хундага дарс шимээд, хууч хөөрч, эгч минь хаа нэгтээ гэрийн даалгавраа хийж байх байсан гэж бодож байна. Би бол гэрийн даалгавар хийх биш цаг үргэлж хөгжим тоглоод л сууж байдаг байсан. 18 настай байхдаа ганц залуутай уулзаж үзээгүй нэгэн байсан. Одоо бодохоор хөөрхийлөлтэй тэнэг амьтан шиг харагддаг байсан учир, залуус намайг тоодоггүй байсан байх.
.
-Чи бага байхаасаа л ийм загварлаг, этгээд хувцасладаг байсан уу?
-Багадаа жирийн л хүүхдүүд шиг хувцасладаг байлаа. Аажмаар загварын талаар илүү их мэдлэгтэй болж, янз бүрийн загвар сэтгэж, бусдаас өөрөөр, заримдаа их этгээд хувцасладаг болсон. Миний нэр чинь хүртэл “Хатагтай этгээд” шүү дээ.
.

-Маш их. Гэхдээ өнөө маргаашгүй гэсэн үг биш л дээ. Ер нь бол нөхөртэй, хүүхэдтэй болохыг их хүсч байна. Гэхдээ ганц хүүхэд биш хөл бөмбөгийн багтай болмоор байна. Үнэндээ хөлбөмбөгийн баг гэдэг нь жаахан хэтрүүлэг л дээ. Ямар ч гэсэн цөөхөн хүүхэдтэй байхыг хүсэхгүй байна. Нэг зүйл хэлэхэд, ирээдүйн нөхөр маань жүжигчин Тейлор Кинни. Түүнийг маань кино сонирхогчид нэрт цуврал болох “Вампирын тэмдэглэлүүд”-ийн дүрээр нь илүү мэдэх байх. Үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүн мөн, түүнээс илүүг хүсэхгүй байна. Бид хоёрыг эргэн тойрны хүмүүс “Яг л бие биедээ зориулагдсан хүмүүс” ч гэж үнэлдэгт би маш их баяртай байгаа. Тун удахгүй Пенсильвани мужийн Кинни-Ланкастер хотод хуримлана, тэгэхдээ яг хэзээ гэдгийг нь хэлэхгүй.
.
-Чи яг хэн юм бэ?
-Би бол бүх зүйл. Би бол бүх ертөнц. Энэ ертөнц бүрэлдсэн атомаас л би бас бүрэлдсэн. Тиймээс би бусдаас онцгой байх хэрэгтэй.
.
-Алдар нэртэй байхын юунд нь дургүй вэ?
-Хүмүүс биднийг өөрсдийнхөө асуудлыг шийдэх цаг завгүй, хэтэрхий завгүй гэж боддог. Дээр нь өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн, паппараци нар дагаж, тэр дунд найз нөхөд гэр бүлийнхэн маань энэ ачааг үүрэлцэхэд хүрдэг. Би өнөөдрөөс хойш ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцахгүй гэж бодож байгаа. Бүр биш юмаа гэхэд нэлээд удаан хугацаагаар. Ер нь би сүүлийн үед сонин уншихгүй, зурагт үзэхгүй байгаа болохоор их амар тайван байгаа. Ээж заримдаа “Тэнд нэг тийм юм бичсэн байна, чи уншсан уу” гэж асуухад би огт сонирхдоггүй. Тэд яахав надаар л бизнес хийж байгаа биз.
.
-Хамгийн их айдаг зүйл?
-Эцэс төгсгөлгүй магтаал, алдар нэр заримдаа намайг айдаст автуулдаг. Ийм үед би огт үнэ цэнэгүй юм шиг санагддаг.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ